Буриадын Төлөөлөгчийн газрын даргатай уулзлаа
2016-11-03

 

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь нар өнөөдөр /2016.11.03/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар эхэнд ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевич хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал болохыг онцлов.

 

УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байдгаа тэмдэглээд хоёр орны энэхүү уламжлалт харилцаанд Монгол, Буриадын хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирснийг дурдав.

 

 

Мөн хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн уулзалт тогтмолжиж ажлын арга туршлага, санал бодлоо байнга солилцдог болж идэвхтэй хамтран ажиллаж байгаа, түүнчлэн хил орчмын бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа, тэр дундаа Монгол, Буриадын ард түмний уламжлалт нөхөрсөг харилцаа шинэ агуулга, арга хэлбэрээр баяжиж буйг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэмдэглэлээ.

 

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, соёл, урлаг, худалдаа, бизнесийн салбарын хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин