Дахин төлөвлөсөн орон сууц ашиглалтад орлоо
2016-11-04

 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг. Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 дугаар байранд амьдарч байсан 24 өрх тус бүрт “Эфэс констракшн” ХХК 10 м.кв талбай үнэгүй нэмж олгон, 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн зардлыг олгожээ.



Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан 25-р байрны буурин дээр 1 жил 2 сарын дараа “Морьтон” цогцолбор сүндэрлэж, өнөөдөр оршин суугчид нь түлхүүрээ гардан, шинэ сууцандаа орлоо. 



Оршин суугчдад түлхүүр гардуулан өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сар хүрэхгүй хугацааны өмнө НИТХ-аар баталсан Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Тухайлбал, “Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцнуудыг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэхээр тусгаж, бид ажлаа эхэлсэн. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу эдгээр орон сууцнуудыг шинэчлэх ажлыг НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба шат дараалан хийж байна. “Эфэс констракшн” ХХК-ийн хамт олон төр, иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, шинээр барьж, иргэддээ орон сууцыг нь хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд иргэдээ чанартай, аюулгүй, тохилог орон сууцаар хангах зорилтыг хотын удирдлагууд бодлогоор дэмжин ажиллана” гэлээ.

 


 

Мөн Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд орон сууцны нээлтэд оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 170 барилга байна. Зөвхөн Хан-Уул дүүрэгт 30-аад барилга бий. Үүнээс 8 байрны оршин суугч, барилгын компанийн асуудал шүүх дээр явж байна. Хэрвээ оршин суугчид, компанитайгаа ойлголцож чадвал цаг алдалгүй, шинэ байрандаа орох боломжтойг “Эфэс констракшн” ХХК харууллаа. Барилгын бусад компаниуд ч үүнээс үлгэр аваасай гэж бодож байна” гэсэн юм.



УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, анхны орон сууц босч, эхний айлууд түлхүүрээ гардаж байгаад баяртай байна. Энэ ажил цаашид амжилттай үргэлжлэн явагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд оршин суугчдад аз жаргал хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин