Гамшгаас хамгаалах сургалтын төв нээгдэнэ
2016-11-08

Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар "Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төв"-ийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

 

 

Жилдээ 750 гаруй мянган иргэнд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт явуулах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн Монголын анхны томоохон сургалтын төвийн нээлт өнөөдөр 11.30 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцоно. 

 

Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулна. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн анхан шатанд мэдвэл зохих мэдлэг, дадлагыг олгоно.  

 

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт явуулах, утаат орчны дадлагын, өндрөөс аврах үйл ажиллагааны, гал унтраах сургалт, дадлагын, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимуудтай. Мөн үзвэрийн 3D бичил кино театртай.

 

    Газар хөдлөлтийн танхим

 

Хүүхэд багачуудад газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхийг зорьсон. 8 баллын чичирхийллийг мэдрэх болно. Ийм чичирхийллийн үед гэрлийн бүрхүүл дээрээс унах, тааз нурж орж ирэх, ханын тавилга, сандал, ширээ доргин унах аюултайг харж болно.  Хятадын Сычуань мужид 2008 онд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 69,2 мянган хүн амь үрэгдэн 18 мянган хүн сураггүй алга болж, 288,4 мянган хүн бэртэж гэмтсэн. Чичирхийлэл нь Бээжин, Шанхай хотууд төдийгүй хөрш Пакистан, Тайланд, Вьетнам, Бангладеш, Балба зэрэг орнуудад мэдрэгдсэн байдаг. Тийм ч учраас хятад мэргэжилтнүүд газар хөдлөлтийн танхимыг Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгслийг суурилуулжээ.

 

Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим

 

Аврах ажиллагаа явуулах зориулалтын хана, аврах ажиллагааны шат, олсыг бэхэлж суурилуулсан байна. Уг дадлагыг хүүхэд, залуусын насны онцлогт тохируулан зохион байгуулах юм байна. Тухайлбал, 15-аас дээш насны хүүхдүүд энэ танхимд хадан хананд авирах, олсоор буух зэрэг дадлагыг хийж болох юм.

 

Утаат орчны дадлага хийх танхим

 

 Гал гарсан үед утаат орчинд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий утаанаас хамгаалах баг өмсгөж сургах зэрэг дадлага сургуулийг явуулах юм байна. Галын хор ашиглах, гал унтраах техник, хэрэгсэлтэй танилцах, гал унтраах зэрэг дадлага хийгдэнэ.

 

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим

 

Энд суурь тусламжийн сургалт явуулна. Хүүхэд, том хүнд тусламж үзүүлэх зориулалтын биет үзүүлэнгүүд байрлуулсан.  Энэ биет үзүүлэн дээр иргэд хиймэл амьсгал хийх, судас, булчин тариа хийх, ил, далд шархыг боох, цус алдалтыг тогтоох, хугарсан, мултарсан үе, мөчийг чиг тавьж боох зэрэг эмнэлгийн анхны суурь тусламжийн анхан шатны мэдлэгийг иргэдэд олгох юм.

 

150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кино театр

 

 Иргэдийн насны ангилалд тохируулан киногоо үзүүлнэ. Кино сангаа байгалийн гамшгаас гадна хүүхдэд зориулсан 2D, 3D хүүхэлдэйн кино, уран сайхны киногоор бүрдүүлж байгаа юм байна. Кино театрын хувьд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
haana neegdsen um bee todorhoi medeelel oruulaach
2016-11-08