Ирэх жил ямар төсөвтэй байх вэ?
2016-11-11

УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг баталлаа.    2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр тус тус батлав.   Мөн улсын төсвийн хөрөнгөөр ирэх оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр байхаар батлав.

 

Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172,794.9 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ  8,397.8 сая төгрөг байна.

 

Ирээдүйн өв санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ 221,651.0 сая төгрөг байх юм.  Харин 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нийт  131,300.7сая байна. Төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 132,604.8 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг нийт 74,505.9 сая төгрөгөөр баталлаа. Төсвийн Ерөнхийлөн захирагч нараас хамгийн их багц нь Сангийн сайдынх. Сангийн сайд ирэх онд 7.1 их наяд төгрөг захиран зарцуулах эрхтэй.

 

Ийнхүү хуулийн хугацаанд шинэ парламент 2017 оны улсын төсвийг баталлаа. Эдүгээ Төрөөс 2017 онд мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн батална. Улсын төсөв, мөнгөний бодлого хоёрыг уялдуулах ёстой гэж жил бүрийн энэ өдрүүдэд улстөрчид, эдийн засагчид ярьдаг.  Засгийн газар болоод төвбанкны зүгээс энэ удаагийн төсөв, мөнгөний бодлого хоёр хоорондоо уялдсан гэж тайлбарлаж байгаа.  Гэхдээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа валютын ханшийг барьж чадахгүй өнөөг хүрч байгаад гишүүд  шүүмжлэлтэй хандаж, нийгэм бухимдаж байна. Тэр дундаа  ирэх оны төсвийг баталсан энэ үед ам.долларын ханш цаашид нэмэгдвэл  яах вэ.  Ирэх оны төсвийн урьдчилсан тооцоолол зөрнө гэдгийг эрх баригчид тооцоолсон биз. Юутай валютын төгрөгтэй харьцах ханшийг өнөөдрийн зах зээлийн дүнгээр тооцсон гэж байсан.

 

Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлтэй  энэ үед ирэх оны төсөв 2.5 их наядын алдагдалтай, зээлийн төлбөр 6.6 их наядаар хэмжигдсэн, цаашлаад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц өмнөх жилүүдээс нэмэгдэн батлагдсан.  Тиймээс ирээдүйд төсөвт  төвлөрүүлэх хөрөнгө оруулалт, валютын урсгалыг хэр бодитоор тооцсон бол гэсэн асуулт хөвөрч байна лээ.

 

Эрх баригчид “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаадаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч , дотооддоо стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортоо нэмэгдүүлнэ гэж тооцсон бололтой.  Басхүү   “Эрдэнэт”, “Оюутолгой”-гоос   чамлахааргүй мөнгө төсөвт төвлөрүүлнэ биз.  Ер нь тэгээд улсын төсвийг урьдчилан тооцоод батлах  нэг хэрэг.  Батлагдсан төсвийн хэрэгжилт хөрөнгө оруулалт, валютын урсгал, эдийн засаг сайжрах эсэхээр дүгнэгдэнэ.

 

Иргэдийн хувьд ирэх жил  хүүхдийн мөнгөө зорилтот 60  хувьд хамрагдах хэсэг нь авч, 65-аас дээш насны ахмадууд жилд хоёр удаа “Насны хишиг” хүртэнэ.  Цалин тэтгэвэр нэмэгдэх талаар 2017 онд байтугай  ирэх гурван жилдээ  найдлага тавих  хэрэггүй.  Ер нь ч тэгээд манай иргэд төр, засгаас шийдэл, шийдвэр хүлээхээ болиод удаж байгаа. Өрхийн төсөв, аливаа асуудлаа өөрсдөө зохицуулдаг болчихсон.

 

Улсын төсөв батлагдах нэг хэрэг, энэ удаад ч иргэд өрхийн төсвөө өөрсдөө л зохицуулах үүрэг хүлээнэ.

 

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-11