Жэки Чан: Кино урлагт хэзээ ч баяртай гэж хэлэхгүй
2016-11-14

Хятадын нэрт жүжигчин Жэки Чан өчигдөр “Оскар”-ын эзэн боллоо. Тэрбээр шагналаа гардан авсны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд баяр хүргэе. “Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлж байв уу?

 

-Маш их баярлалаа. Мэдэхгүй юм. Жилийн өмнө “Оскар”-ын эзэн болно хэмээн төсөөлж байсангүй. Мэдээж хэрэг энэ талаар бодож байгаагүй. Би кино урлагийн ачаар олон сайхан шагналыг хүртсэн. “Оскар” бол миний авсан хамгийн гайхалтай шагнал.

 

-АНУ-ын Кино академи таныг кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг тань үнэлж энэхүү шагналыг олгосон. Таны кино урлагт хийсэн гавъяа үгээр илэрхийлэшгүй.

 

-Миний бүх амьдрал кино урлагтай салшгүй холбоотой. Би кино урлагаас өөр зүйлийг сонирхдоггүй гэхэд болно. Кино урлагийн ачаар өдөржин, шөнөжин ажилтай байдаг.  Тийм учраас л кино урлаг миний амьдралын салшгүй нэг хэсэг. Амьдрал дахь хамгийн сайхан дурсамжууд кино урлагтай шууд холбоотой гэхэд болно.

 

-Таны найруулсан болон тоглосон уран бүтээлүүд ихэвчлэн инээдмийн жанрынх байдаг. Баяр баясгаланг, зодооны урлагтай хослуулах санаа хэрхэн төрж байв?

 

-Би энэ салбарт анхдагч биш. Өмнөх үеэ их сайн судалсан гэхэд болно. Хятадын кино урлагийг дуу хуур болон зодооны урлаггүйгээр төсөөлөхөд бэрх. Мэдээж хэрэг би Хятад хүн учир үндэснийхээ урлагийг илүү баяжуулах, олон улсад танилуулах шаардлагатай болсон. Мөн залуу хойч үеэ энэ урлагаар илүү хичээлж, ирээдүйдээ итгэлтэй амьдраасай хэмээн хүссэн.

 

-Бусдыг инээлгэх танд таалагддаг уу?

 

-Маш  их таалагддаг. Би бусдын аз жаргалаар цэнэглэгддэг. Миний киног сонгон үзэж буй хүмүүсийг би гонсойлгохоос эмээдэг. Тийм учраас би бусдаас хэд дахин илүү хөдөлмөрлөх шаардлагатай болдог.

 

 

-Та 200 гаруй кинонд  тоглосон. Энэ тоог хэлэхэд л таныг бишрэмээр?

 

-Би их азтай хүн. Учир нь би дуртай зүйлээ хийж байна. Кино урлаг миний хобби бас бүх зүйл. Би эхнэр шигээ сайхан хоол хийж чадахгүй. Гэхдээ эхнэр шигээ сайхан хоол хийж чаддаг мэт дэлгэцээр гарч чадна. Энэ бол миний мэргэжил.

 

-“Оскар” таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

 

-Тийм ч их өөрчлөхгүй гэж бодож байна. Маргааш би ажлаа хийгээд л явна. Зураг авалтадаа орно. Гэхдээ би энэ өдрийг хэзээ ч мартахгүй.

 

-Кино урлаг жүжигчнээс асар их сэтгэлийн тэсвэр тэвчээрийг шаарддаг. Энэ бүхэн таныг шантрахад хүргэж байв уу?

 

-Би зураг авалтын үеэр модноос унаад сар гаруй ухаангүй байсан. Миний бүх хавирга хугарсан. Би өвдөг болон тохойгоо хүндээр гэмтээж байлаа. Мэдээж хэрэг тулааны хэсэгтэй үзүүлбэр үзүүлж байхад гэмтэхгүй байна гэдэг ховор.  Нуруугаа гэмтээж, шүдээ хугалж байсан. Эмнэлэгт хүргэгдэх бүрт эхнэр минь “Чи залхахгүй байна уу” гэж хэлдэг. Кино урлаг намайг өвтгөдөг ч гэсэн би хайрласаар байх болно. Хэдий би хүнд бэртэл аваад эмнэлэгт хэвтэж байхдаа олон зүйлийн талаар боддог. Эдгээр бодлын дунд “кино урлагаас явах” бодол хэзээ ч төрж байгаагүй. Би кино урлагт хэзээ ч баяртай гэж хэлэхгүй. Энэ бол миний эцсийн шийдвэр.

 

 

-Жүжигчин Сильвестра Сталлоне танд алтан хүнийг гардуулан өгсөн.

 

-Тийм ээ нэр төрийн хэрэг. Энэ эрийг би хүндэлдэг бас хайрладаг.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин