П.Ганхүү: Утаатай тэмцэхэд хийн эх үүсвэрийг ашиглана
2016-11-15

Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-Ирэх онд эрчим хүчний салбарт бага төсөв батлагдсан байна лээ. Хэдэн төсөл хэрэгжүүлэх вэ?

 

-Засгийн газрын хөтөлбөрт багтаж, ирэх дөрвөн жил хийх ажлын төлөвлөгөөнд цөөн тооны томоохон төсөл хэрэгжүүлэх асуудлыг тусгасан. Өмнө нь олон төсөл хэрэгжүүлнэ гэж яриад нэг ч төсөл хэрэгжээгүй явж ирсэн нь өнөөгийн эрчим хүчний хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байна. Тухайлбал, Улаанбаатар  хүйтэн хот учраас хамгийн чухал нь айл өрхийн дулааны асуудал. Төвлөрсөн дулаан хангамжийн систем энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзсэн учраас Дулааны III станцын өргөтгөлийг хийхээр болсон. Цаг хугацааны хувьд ч дулааны тооцоолол байршлын хувьд ч оновчтой хувилбар гэж манай салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид үзсэн.

 

-Дулааны цахилгаан станцуудын өр шир авлагын асуудал ямар байгаа вэ?

 

-УИХ болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсөн хугацаанаас бага зэрэг хоцорсон. АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой шугам сүлжээний засварыг зуны турш хойшлуулсан.Иймд эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаж өвөлжилтийн бэлтгэлээ хангалаа. Станцуудын хувьд Багануурын уурхай наймдугаар сарын сүүлээр өвлийн бэлтгэл ажил 45 хувьтай байсан. Энэ нь төвийн бүсийн III, IV станцыг нүүрсээр хангадаг уурхайн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан гэсэн үг. Тиймээс Засгийн газраас  яаралтай арга хэмжээ авч төсвийн зээл олгож тоног төхөөрөмжийн засварын асуудлыг шийдсэн. Мөн түлшний компаниудад 12 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан Шивээ-Овоо, Багануурын уурхайд төсвийн зээлийг шийдвэрлэж өгсөн. Дулааны шугам сүлжээний хувьд насжилт хэтэрсэн шугам  их байна. Үндсэн магистраль шугамуудын насжилт 30-аас дээш жил болсон учир хагарал цооролт ихтэй байдаг. Өнгөрсөн жил нэлээд олон шугамд цооролт гарч байж өвлийг давсан. Энэ жилийн тухайд ч ийм нөхцөл байдал үүснэ. Яагаад гэвэл шугам шинэчлэх эх үүсвэр төсөвт суугдаагүй. Харин 2017 оны улсын төсөвт хамгийн хүнд байгаа нэг шугамыг  шинэчлэх таван тэрбум төгрөгийг суулгасан. Хэрэглэгчийг дулаан, цахилгаанаар хязгаарлахгүй байх хэмжээнд өндөр бэлтгэлтэй ажиллаж байж энэ өвлийг давна гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

-Төсвийн зээл хэдэн төгрөг олгосон бэ?

 

-Багануур, Шивээ-Овоогийн уурхайд улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгосон. Энэ онд буцааж төлөх ёстой.

 

-Айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт олгож эхэлсэн. Өнгөрсөн жил бүсчилсэн байдлаар олгосон бол энэ жил ямар тойргийг хамарч байна вэ?

 

-Засгийн газар байгуулагдсанаас хойш хийсэн иргэд рүү чиглэсэн гол ажил бол эрчим хүчний үнийн шөнийн тарифын хөнгөлөлт. Улаанбаатар болон бусад томоохон сум суурин хотуудын гэр хороололд амьдарч байгаа айл өрхийн цахилгааны төлбөрийг шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд  50 хувь хөнгөлж байгаа. Үүний  гол зорилго нь цахилгаанаар халдаг жижиг оврын халаах хэрэгслүүд их болсон учраас шөнө нүүрс түлдэг байдлыг багасгах юм. Энэ хэмжээгээр түүхий нүүрс түлэх нь багасч нийслэл болон бусад сум суурингийн  агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж ачааллыг салбар дээрээ авахын зэрэгцээ  тав орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн  асуудлыг Засгийн газар хариуцаж байгаа.

 

-Энгийн тоолууртай, нүүрс түлдэг айлууд хамрагдахгүй гэсэн үг үү?

 

-Хөнгөлөлт жил бүр үргэлжилнэ. Цахилгаан  түгээх сүлжээ компаниудын зүгээс хэрэглэгчдийн тарифт тоолууртай болоход дэмжлэг үзүүлнэ. Нүүрсний хэрэглээ багасч өрхийн төсөвт хэмнэлттэй учраас айлууд хоёр тарифтай тоолуурыг өөрсдөө тавиулах сонирхолтой байна. Хоёр талын санаачлага нэгдэж байгаа учраас нэлээд өргөн хүрээний арга хэмжээ болно гэж бодож байна. Энэ жил төвийн бүсийн 128 мянган өрхийг хамарсан хөнгөлөлтийн арга хэмжээ болж байна. Харин халаах төхөөрөмж авах эсэх нь тухайн айлын асуудал. Нүүрс түлж агаар бохирдуулж, тэр хэмжээгээр нүүрсээ худалдаж авах төсвийг нь хэмнэх боломжийг нээж өгсөн. 

 

-Цахилгаан станцын хувьчлал яригдаж байгаа юу?

 

-Станцуудын хувьчлалын асуудал мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Эх үүсвэр, дамжуулах сүлжээ төрийн өмчид байх ёстой гэсэн бодлого барьж байгаа. Харин түгээх сүлжээ буюу Эрдэнэбулганы цахилгаан түгээх сүлжээ компанийг хувьчлах асуудал яригдаж байна.

 

-Агаарын бохирдлыг бууруулахад Эрчим хүчний яам ямар бодлого барьж ажиллах вэ?

 

-Агаарын бохирдлыг цахилгааны үнийн хөнгөлөлттэй уялдуулж бууруулна гэж үзэж байгаа. Мөн цаашдаа хийгээр орон сууцны дулааныг шийдвэрлэх чиглэлээр нүүрсний хэрэглээг багасгах жижиг оврын тоног төхөөрөмжийг бий болгох ажил хийнэ. Хийн эх үүсвэрийг бий болгож байж агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулж буй хувь нэмэр гэж харж байгаа. Манай яамны эрхлэх асуудлын хувьд цахилгааны тариф, хийн эх үүсвэр гэсэн хоёр чиглэлд анхаарч ажиллана. Хийн эх үүсвэрийн судалгаа хийгдэж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлийн тодорхой ажлуудыг төлөвлөсөн.

 

-Эрчим хүчний салбарт  гадны хөрөнгө оруулалтыг татахад ямар ажлууд хийх вэ?

 

-40-50 төсөл хэрэгжүүлнэ гэж зарлахгүйгээр тодорхой төслүүдээ хэрэгжүүлнэ гэсэн бодлого тодорхойлсон нь гадны хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл болж очиж байна.   Түүнээс олон төсөл зарлачихаар Засгийн газар нь дэмжих эсэх гээд хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлчихдэг.

 

-Тавдугаар цахилгаан станцын ажил ямар шатандаа яваа вэ?

 

-V цахилгаан станцын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа гэж ойлгож байна. Үнэ тариф дээрээ тохироогүй, газрын маргаантай байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэр цохож ороогүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Engineer:
Ganhuu gedeg shynaliin tylam yaj yavaad said bolchvoo.
2016-11-15
irgen:
Bitgii mal shig um yariach, manaih tyyhendee hii hereglej medehgui hymyys, mergejliin heregledeg Orost hyrtel oron suuznuud delbereed baihad bolj uz, hamgiin ayultai, Mongold hiigui ajillah byh nohzol baina, Ta nar duugai ajlaa hii,,,
2016-11-15
Зочин:
Хий ашиглана гэж тэнэгтэх юм. Барагдашгүй их нүүрсээ ашиглаач тэнэг минь
2016-11-15