ҮЗХ-нд дархалчихдаг зөрчлийг арилгах хэрэгтэй
2016-11-16

АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордны Их танхимд хаалттай үргэлжилж байна. Хуралдаанд тус намын лидерүүдээс УИХ-ын гишүүн экс гишүүн Р.Амаржаргал, П.Цагаан, Я.Санжмятав, Б.Болор нарын гишүүд ирсэн байлаа.  Хуралдааны талаар УИХ-ын  экс гишүүн  Р.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-ҮЗХ-ны хуралдаанаар ямар үр дүн хүлээж  байна вэ?

 

- ҮЗХ-г шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Шинэчилдэг механизм нь бүх хүнийг хамардаг бол зүгээр байгаа юм. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь автоматаар шинэчлэгддэг байх хэрэгтэй. Манай намын өнөөгийн дүрэмд ийм зүйлийг оруулж өгөөгүй. Тийм болохоор аль нэгэн хүнийг ҮЗХ-нд бүх насаар нь дархалчихдаг юм шиг зөрчил бий. Сүүлийн үед би нэг л зүйлийг ярьж байгаа. Өнөөдөр АН-д хамгийн тулгамдсан асуудал бол намын дотоод ардчилал. Магадгүй жил, таван жилийн дараа тэс өөр зүйлийг ярьж болно. Таван жилийн өмнө ч бид өөр асуудалтай л тулгарч байсан. Өнөөдрийн хувьд хамгийн чухал зүйл бол намын дотоод ардчилал. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудал чухал байна. Өнөөдөр үг хэлэх болон намын дүрэмд өөрчлөлт оруулах хүмүүс эсвэл ямар нэгэн фракц, хөдөлгөөнийнхөн энэ өнцгөөс асуудлыг хараасай. Миний ярьж буй үг үйл хөдлөл намын дотоод ардчиллыг бэхжүүлж байна уу эсвэл ямар нэгэн байдлаар саад тотгор болж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу. Салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс асуудлыг харах ёстой. Энэ бүхэн намын дүрэмд тусгагдах ёстой. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг шинэчлэх ёстой юм. Энэ талаар хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүнээр хэлэлцүүлээд явуулъя гэсэн шийдвэр гаргачихвал болж байна. Мөн Их хурлаар намын дүрмийг батална. Энэ утгаараа намын Их хурлыг хуралдуулахад бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. Ингээд хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна.

 

- Намын даргыг ямар шалгуураар сонгох  бол?

 

- Миний хувьд хамгийн чухал асуудал бол намын дотоод ардчилал. Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчиллыг бэхжүүлж өгөх нь үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй юм

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин