“Тусгаар тогтнолын өдөр”-ийг тэмдэглэлт өдөр болгон батлав
2016-11-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд санал  хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Миний бие энэ хуулийн төслийн санаачлагчдын нэг. Миний бие эсрэг байр суурь илэрхийлэхдээ хууль санаачлагчаасаа татгалзаж байгаа хэрэг биш.  Гэтэл намайг хууль санаачлагчаас хассан байна. Энэ нь миний хууль санаачлах эрхэд халдлаа. Өмнө нь УИХ-ын дарга байсан З.Энхболд микрофон хаадаг байсан бол энэ УИХ  гишүүний хууль санаачлах эрхэд халдах гээд байна уу. Нөгөөтэйгүүр МАХН МАН-тай өмчийн асуудлаар маргаан үүсгэж, шүүхэд хандаж магадгүй. МАХН байр түрээсэлдэг. Гэтэл МАН том байр ганцаараа эзэмшдэг. Манай нам  олон жил татвар төлж ирсэн мөртлөө өмчгүй байна

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Байнгын хорооны хуралдаанаар О.Баасанхүү гишүүний эрхэд халдсан асуудал яригдаагүй.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Санаачилсан хуулинд ямар нэг өөрчлөлт орсон уу? Өөрчлөлт орсон бол хууль санаачлагч нь буцаан татаж болдог. Эв нэгдэл гэдэг юу юунаас илүү чухал болжээ. Түүхийн эгзэгтэй үед монголчуудын тусгаар тогтнол асар чухал юм. Цөөхөн хүнтэй ард түмэнд тусгаар тогтнол нэн тэргүүнд тавигддаг. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Санаачилсан хуулинд ямар нэг өөрчлөлт оруулаагүй.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил   анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан байна.  Байнгын хорооны гишүүд  энэ саналыг дэмжжээ.  Байнгын хорооны дэмжсэн анхны хэлэлцүүлгээр батлах саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн 87.3 хувийн саналаар  дэмжигдлээ. Тиймээс  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 87.3 хувийн саналаар хуулийн төслийг батлав.

 

Ийнхүү хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Тусгаар тогтнолын өдөр” болгон бүх нийтээр амардаг байхаар хуульчлагдаж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин