Японд цунами үүсч болзошгүй байна
2016-11-22

Японд хүчтэй газар хөдөлсөн талаар “www.dailymail.co.uk” сайт нийтэлжээ.

 


Японы Фукушима мужийн ойролцоо өнөөдөр 6.00 цагт хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын  Геологи судалгааны төвөөс “Фукушима орчимд 7.4 магнитудын газар хөдлөлт болсон” гэж мэдээлэв. Гэхдээ тус байгууллага хагас цагийн дараа “Фукушима орчимд 7.4 бус 6.9 магнитудын газар хөдлөлт болсон” хэмээн засч мэдээлжээ.


Аврагчид Фүкүшима, Мияги, Ибараки хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Ганцхан цагийн дотор Мияги хотыг 14 мянган хүн орхин гарсан байна. Мөн дээрх хотуудын зам ачааллаа даахгүй байгаа гэнэ. Тус улсын Газар хөдлөлтийг судлах агентлагаас “Газар хөдлөлтийн бүс нутагт гурван метр хүртэл өндөр цунамигийн давалгаа үүсэх эрсдэлтэй байна” хэмээн иргэдэд анхааруулсан байна. Зөвхөн Мияги хотноо 1.4 метр өндөр цунами үүсч болзошгүй байгаа гэнэ.


Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар Фукушимагийн атомын цахилгаанд станцад гэмтэл үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүд уг цахилгаан станцад ажиллаж буй юм. Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр автоматаар унтарсан учир ноцтой гэмтэл гараагүй хэмээн албаны төлөөлөгч “NHK” агентлагт ярьжээ.

 

2011 он. Газар хөдлөлтийн дараа

 

2011 оны гуравдугаар сард Японд цунами үүсч, 18 мянган хүн амиа алдсан билээ. Уг байгалийн гамшгийн уршгаар Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч, их хэмжээний хортой бодис алдагдсан юм. Японд 2011 онд 7.0 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт болсон бүс нутгуудад амьдарч байсан иргэд өнөөг хүртэл хорогдох байруудад амьдарч байна.


Японы Куматото хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ны өдөр 6.5 магнитудын газар хөдлөлт болж, 50 хүн амиа алдаж, 45 мянган хүн орон гэргүй болжээ.  Засгийн газар өнөөг хүртэл хохирогчдод тусламж үзүүлж байна.
 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин