Өвөрхангайд мотоциклийн хулгайн хэрэг өсчээ
2016-11-28

Өвөрхангай аймагт мотоциклийн хулгайн гэмт хэрэг өсчээ. Тус аймаг дахь Цагдаагийн газарт оны эхний есөн сарын хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаагаас мотоциклийн хулгайн гэмт хэрэг 11.8 хувийг нь эзэлж байна.

 

Албаны хүний ярьж байгаагаар 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд ашиг олох, шунахайн сэдэлтэйгээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа аж. Энэ нь нийгэм эдийн засгийн тогтворгүй байдалтай нэг талаар холбоотойг ч дурдаж байна. Нөгөө талаар ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь тэдний ухамсар доройг харуулж байна гэлээ. 

 

Мотоциклийн хулгайн гэмт хэргийг илрүүлэлт 53.8 хувьтай байгаа аж. Хэрэг илрэхгүй удах шалтгаан нь иргэд худалдаж авсан тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, улсын дугаарыг аваагүй, хариуцлагагүй байдалтай холбоотой аж.

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн урамшуулалт эргүүл ажиллуулах тухай 34 дүгээр тогтоолын дагуу урамшуулалт эргүүл ажиллуулж байгаа юм. Мөн Арвайхээр сумын иргэн олон нийтийн зөвлөлийн гишүүдийг баг тус бүр дээр ажиллуулж буй юм байна.

 

Өвөрхангай аймгийн хэмжээнд 10 олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэж байгаагаас зургаа нь Арвайхээр суманд ажиллаж, иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцон, ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш төрийн болон ТББ, иргэдийн оролцоо чухал. Иймд цагдаагийн байгууллагаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөд санал хүргүүлснээр Хөршийн холбоог байгуулан ажиллаж эхэлжээ. Одоогоор Арвайхээр сумын 11 болон 6 дугаар багт энэ ажил амжилттай хэрэгжиж, ахлагчийг томилон ажиллуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлж байна гэж албаны эх сурвалж мэдээлсэн.

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт 10 хувиар буурчээ. Гэвч тус цагдаагийн газрын 7032102 дугаарын утсанд мотоцикль хулгайд алдагдсан гэмт хэргийн дуудлага долоо хоногт дунджаар 2-3 удаа ирдэг байна.

 

Дашрамд мэдээлэхэд, тус аймагт оны эхний есөн сарын байдлаар өмчийн эсрэг 116 гэмт хэрэгт 151 хүн холбогдсон нь 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СОНИН ЮМ БЭ. ӨМД ГУТАЛЫН ХУЛГАЙ Л ӨСМӨӨР ЮМ. ЦАГ ЦАГААРАА БАЙХГҮЙ ЮМ ДА. ХУЛГАЙ ХҮРТЭЛ ХӨГЖСӨН БАЙНА ШДЭ
2016-11-28