Спортын түүхэн дэх Хар өдөр
2016-11-30

Бразилийн хөлбөмбөгчдийг тээвэрлэж явсан онгоц осолджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Спортын түүхэнд хараар үлдэх үйл явдал өчигдөр боллоо. Колубмын Меделлин хотноо Өмнөд Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах байсан юм. Аваргын төлөө Колумбын хөлбөмбөгийн “Атлетико Национал” багтай Бразилийн дээд лигийн “Шапекоэнс” баг тоглох байв. “Шапекоэнс” багийнхан “Avro RJ85” онгоцоор зорьсон газраа очихоор Болив улсын Санта Круз хотын “Виру Виру” олон нисэх буудлаас хөөрсөн ч зорьсон газраа очиж чадсангүй.  

 

Онгоц энэ сарын 29-нд орон нутгийн цагаар 18.18 цагт хөөрчээ. “Виру Виру” нисэх буудлаас хөөрсөн онгоц 22.00 цагийн орчимд тус онгоцны ахмад төв станцтайгаа холбогдож, техник болон цахилгааны саатал үүсч, аюултай байгаа талаараа мэдэгджээ. Мөн бороо орж байгаа учир үзэгдэх орчин тааруу байгаа талаар ахмад төв станцдаа уламжилсан байна. Харин удалгүй удирдлагын хэсэг “Avro RJ85” онгоцноос холбоо тасарсан аж.  Албаныхан шуурхай ажиллаж онгоц осолдсон бүс нутгийг тогтоожээ. Онгоц Рионегро хотын ойролцоо осолдсон байна. Бороо орсноос аврагчид ослын газар очихдоо хугацаа алдсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. 2-3 цагийн дараа аврагчид ослын газар очсон байна.

 

 

Аврагчид шуурхай ажиллаж зургаан хүнийг аварсан аж. Тэднийг орон нутгийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэжээ. Эмнэлэгт хүргэгдээд буй зорчигчид хүнд гэмтэл авсан учир эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй гэнэ.  Уг онгоцонд 72 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явжээ. Ослоос зургаахан хүн амьд үлдэж, 75 хүн амиа алджээ. Онгоцонд хөлбөмбөгчдөөс гадна Өмнөд Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар явж байсан 21 спортын сэтгүүлч зорчиж явсан талаар Бразилийн Спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.

 

Ослоос хэн, хэн амьд үлдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Албаныхан “Шапекоэнс” багийн гурван гишүүн, нисэх багийн хоёр гишүүн болон нэг сэтгүүлч амьд үлдсэн” гэж мэдээлжээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан “Шапекоэнс” багийн хөгжөөн дэмжигчид эмгэнэл илэрхийлж, тус клубын байрны гадна лаа асааж, цэцэг өргөсөн байна. Хөгжөөн дэмжигчид “Бид тэднийг дахин харахгүй. Тэд дахин талбайд гарахгүй. Өнөөдрөөс та бүхэн ариун бурхны дайчид боллоо” гэж бичсэн футболкоор ижилссэн байна. “Avro RJ85”-ын сүйрлээс болж Бразил, Колумб, Болив улсын иргэд гашуудалд автаад байна. Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер орон даяар гурван өдрийн гашуудал зарлах зарлиг гаргажээ. 

 

Аваргын төлөө “Шапекоэнс” багийн эсрэг бэлтгэлээ базааж байсан Колумбын “Атлетико Национал” багийнхан эмгэнэл илэрхийлж, аваргын цомыг өгөхөөр боллоо. “Шапекоэнс” баг Африкийн хөлбөмбөгийн аварга боллоо” хэмээн “Атлетико Национал” багийнхан цахим сайтад нийтэлжээ.  Тун удахгүй холбооны удирдлагууд цомыг гардуулах ажиллагааг зохион байгуулах гэнэ. Ослоор дасгалжуулагч болон бүх тоглогчоо алдаж, гарз амсаад буй “Шапекоэнс” багт Бразилийн хөлбөмбөгийн клубынхан туслалцаа үзүүлэхээ эхнээсээ мэдэгдлээ. Бразилийн дээд лигийн багуудаас шилдэг гэсэн тоглогчдыг үнэ төлбөргүй “Шапекоэнс” багт тоглуулах саналыг удирдлагуудад нь тавьжээ.

 

Мөн олныг цочирдуулсан уг ослын дараа Лионел Месси, Неймар, Уэйн Рүни зэрэг алдартай хөлбөмбөгчид эмгэнэл илэрхийлэн, “Шапекоэнс” багийнханд мөнгөн тусламж үзүүлэхээ олон нийтийн сүлжээгээр  дамжуулан илэрхийллээ. “Шапекоэнс” баг 1973 оны аравдугаар сард байгуулагдсан аж. 2010 оноос амжилт гаргах болжээ.  Бразилийн хөлбөмбөгийн холбоо “Шапекоэнс” багийг өнгөрсөн хугацаанд хэдхэн клуб, хүмүүс мэддэг байлаа. Харин өнөөдөр та бүхнийг дэлхий нийтээрээ мэдэж авлаа” гэж хэлжээ.

 

2008 оноос хойш Бразилийн ямар ч хөлбөмбөгийн баг Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй байна. Ингэж зогсонги байдалд ороод байсан үйл явдлыг “Шапекоэнс”  баг эвдэлж, аваргын төлөө үлдээд байжээ. Тэднийг аваргын цом авах магадлалтай багаар хөлбөмбөгчид тодорхойлоод байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Сэтгүүлч мэдлэгээ дээшлүүлээч ээ!!!!!!!!!!!!! Арай дэндүү юм. Ийм юм бол яах гэж сэтгүүлч хийж байдаг юм бэ!!!!!!!!!
2016-12-01
би:
Харамсалтай юм болжээ.Өмнөд Америкийн аварга шалгарууллах тэмцээн байлгүй дээ. Африк тив гэх шиг Зөв бичээч ээ сэтгүүлч ээ
2016-11-30