Чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ
2016-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийг ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Хуулийн төсөлд “Засгийн газрын хуралдаанаас  2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг чиглэл болгосон  болно.

 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн Гаалийн тарифын тогтолцоо, тарифыг тогтоох, өөрчлөх хэсгийн 4.5-д (“Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтыг Засгийн газар батлах”-аар), 4.6-д (“жагсаалтад ороогүй улсын гарал үүсэлтэй, эсхүл уг жагсаалтад орсон улсын гарал үүсэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд ердийн тариф хэрэглэх”-ээр), мөн 34.2-т (“барааны гарал үүслийн гэрчилгээг импортын бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх үндсэн бичиг баримт гэж үзэх”-ээр) тус тус зохицуулсан байна.

 

Хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор импортын барааны гарал үүслийн дүрэмд өмнө нь шаарддаггүй байсан гарал үүслийн нотолгоог ДХБ-ын гишүүн орнуудаас шаардах болсон.

 

Гарал үүслийн нотолгоогүй тохиолдолд ердийн тарифт хамруулан 10 хувийн татвар ногдуулж байгаа нь Монгол Улс ДХБ-ын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа болон зардлыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах нөхцлийг бий болгож байна.

 

Тухайлбал, Япон, Канад, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Америкийн худалдааны танхим болон импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс  тодорхой шаардлага, санал, гомдол ирүүлээд байна. Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж Улсын Их Хуралд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай байна.  

                                                          

Энэхүү хуулийн төслөөр хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг тус тус нэмж тусгасан. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн  4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн.

 

Хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээр, Гаалийн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан төсөвт ямар нэг хүндрэл үзүүлэхгүй болно” хэмээжээ.

 

Гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Дараагаар нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр  хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргав.

 

Ийнхүү чуулганы хуралдаан хаалттай горимд шилжин үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин