Кино урлагт мөнгө хаяач
2016-12-02

 

Манай улсад ёстой нэг бор зүрхээрээ яваа хэсэг хүмүүс бол кино урлагийнхан. Ингээд хэлчихэд үгүй гэж мэтгэх хүн нэг их гарахгүй биз. Одоогоос хоёр сар гаруйн өмнө нэгэн жүжигчинтэй ярилцлага хийж байхад Монголын уран бүтээлчид нэг кино бүтээх, бүтээсэн киногоо олон улсын наадамд оролцуулах гэж ямар их зовлон, бэрхшээлийг туулдаг талаар өгүүлсэн нь одоо ч тод санагдаж байна. Монголын нэрийг дэлхийд танилцуулж, Монгол гэх улсад кино урлаг байдаг юм шүү гэдгийг харуулахын тулд очсон газрынхаа гудамжинд хонох нь холгүй зүтгэсний эцэст киногоо олон улсын наадамд өрсөлдүүлдэг хэмээн ярьж байсан.

 

Хэрвээ манай улс соёлын яамтай, харьяа яамнаас нь кино урлагийг дэмжсэн, хэрхэн хөгжүүлэх талаархи бодлоготойсон бол юунд ингэх билээ. Магадгүй кино урлагийг хөгжүүлэх тодорхой бодлого чиглэлтэй байсан бол харьяа яамных нь сайд өөрийн биеэр уран бүтээлчдээ аваад олон улсын наадамд оролцох байсан биз. Харамсалтай нь бодит амьдрал дээр байдал эсрэгээрээ гэдэг нь бидний нүдэнд илхэн. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсад кино урлагийг дэмжих талаархи бодлого чиглэл ч алга. Ингээд хэлчихвэл юм харж, уншдаггүй юм уу хэмээн шүүмжлэх байх.

 

Унших гээд үзсэн ч Соёлын тухай хуулиар л дуусна. 1996 оноос эхлэн хэрэгжсэн тус хуульд кино үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэх сүржин заалт бий. Гэхдээ тэр заалт эдүгээг хүртэл зөвхөн цаасан дээр л мөнхөрсөөр байна. Ингээд бодохоор кино уран бүтээлчид өдий хүртэл бор зүрхээрээ зүтгэсээр Монгол киног олон улсын төвшинд гаргачихлаа. Хамгийн ойрын жишээ дурьдахад, өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн морь” кино урлагийн наадамд “Чононгоо” продакшны бүтээсэн “Ээж” уран сайхны кино амжилттай оролцож, шилдэг эмэгтэй дүрийн шагналыг эх орондоо авч ирсэн.

 

Тун удахгүй “Атганд үлдсэн эрдэнэ” кино Оскорын наадамд өрсөлдөх гэж байна. Энэ мэтчилэн дурьдаад байвал олон зүйл бий. Тэр байтугай Монголын жүжигчид Холливудын кинонд хүртэл тоглосон. Нэг үгээр хэлбэл, манай улсын кино урлагт хүчин зүтгэж буй найруулагч, зураглаач, жүжигчид өөрсдийгөө дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд ажиллах чадвартай болохоо харууллаа. Монголын урлагийг дэлхий таалж байна.

 

Одоо харин төр засаг кино урлагтаа жаахан ч гэсэн мөнгө хаяж, уран бүтээлчдээ дэмжвэл яасан юм. Кино урлагаараа дамжуулан богинохон хугацаанд эх орноо сурталчилж өөрийн соёлоо түгээж болдог арга ухааныг БНСУ бидэнд өчнөөн жил харууллаа шүү дээ. Хэдий болтол ард иргэд нь улиг болсон солонгос драм ширтэж, хэдэн уран бүтээлчид нь байр, машин, эд хөрөнгөө барьцаалан барин кино урлагийн төлөө зүтгэж, харин эрх баригчид нь нүд нь балай, чих нь дүлий юм шиг явах гэсэн юм. Хэн ч очихгүй уйтгартай шоу хотын төв талбайд зохион байгуулж, түүндээ хэдэн зуун сая төгрөг хаяж байхын оронд кино урлагтаа мөнгө хая л даа.

 

Өнгөрсөн аравдугаар сард болсон “Улаанбаатарын намар” шоуг хүн бүхэн санаж байгаа байх. Тус шоуны зардал нийт 217.6 сая төгрөг болсон бөгөөд “Камертон”, “Никитон” хамтлагийхан тус тус 50 саяар төгрөгөөр дуулсан гэх. Хэдхэн цаг хоёрхон хамтлаг дуулуулахын төлөө 100 сая төгрөг зарцуулж л байдаг. Эцэст нь шоу нь сонирхолтой ч болсон юмгүй иргэдээс хий дэмий зүйлд мөнгө үрлээ гэх үнэлгээ аваад дууссан. Энэ мэтчилэн үр дүнгүй ямар ч хэрэгцээгүй зүйлд зуу зуун саяар нь мөнгө цацаж байхынхаа оронд кино уран бүтээлчдээ дэмжиж сайхан уран бүтээл гаргачихаад олон улсын наадамд оролц л доо. Ядаж л улсын нэр дэлхийд гарна. Монголын талаар Чингис хаан, морь хоёроос өөрөөр төсөөлөлгүй гадаадын иргэдийн манай улсын талаархи бодол өөрчлөгдөнө. Кино урлагаар дамжуулаад нөгөө их хүсээд байдаг гадаадын хөрөнгө оруулагчдаа ч татах үүд нээгдэнэ. Хамгийн гол нь манай уран бүтээлчид хийж чадаж байгаад гол учир нь байгаа юм. Хийж чаддаггүй байсан бол ч яая гэх вэ. Монголын уран бүтээлчид сэтгэ­хүйн хувьд гадаадын уран бүтээлч­дээс дутахааргүй гэдгээ харуул­сан. Одоо харин төрийн гар хишгээ хайрлах л үлдэж. Дахиад хэлэхэд кино уран бүтээлчдээ дэмжээд, тэдэнд хөрөнгө оруулалт хийгээч.

Н.Батзаяа

Эх сурвалж: MMINFO.

 

Shuud.mn
Сонин хачин
1:
Дуучдыг даврааж байгаа нь үнэн. Гэхдээ кино олигтой бол өөрөө өөрийгөө даагаад аваад явчихдаг эд шүү дээ. Хогийн, хуулбар юмнууд хийгээд байхаар хүн тоохгүй нь аргагүй.
2016-12-02
1:
Дуучдыг даврааж байгаа нь үнэн. Гэхдээ кино олигтой бол өөрөө өөрийгөө даагаад аваад явчихдаг эд шүү дээ. Хогийн, хуулбар юмнууд хийгээд байхаар хүн тоохгүй нь аргагүй.
2016-12-02
монгол:
odoo garch bgaa kinoduud hereg bhgui solongos kinonoos huulsan buged
2016-12-02
Зочин:
Нэрийг нь уншаад л үзэх сонирхол төрдөггүй кино өдөр бүр л нэгээр нэмэгдээд байгаа юм шиг байдаг. Мөнгөтэй болоод л хийгээд байгаа байх.
2016-12-02