Тоонд ”ээрэгдсэн” халамж
2016-12-05

 

Эдийн засаг хямралтай хэдий ч халамжийн чиглэлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ тасалдуулахгүй байх бодлогыг төр засгаас барьж ирсэн. Шинэ төр, засаг эмхлэгдэн байгуулагдаад хүүхдийн мөнгийг өнөөдрийн тухайд зөвхөн зорилтот бүлгийнхэнд сар бүр олгож байгаа. Үүнийг   эс тооцвол халамж төсвөөс танагдсангүй. Гэхдээ хүүхдийн мөнгө бол халамж биш гэж тайлбарладаг. Харин  амьжиргааны төвшин доогуур өрхийн хувьд  хүүхдийн мөнгөөрөө ч “амьдардаг” хэсэг бий.

 

Өнөөдрийн байдлаар нийтдээ 73  мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг тус тус авч байгааг Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ дурдлаа.

 

Үүнээс гадна  олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд  гурван мянган, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207 мянган ,  цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид  гурван  мянган,  жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134 мянган хүн тус тус хамрагддаг юм байна. . Жилд дунджаар нийтдээ 730 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртдэг байна.   Гурван сая хүн амтай улс орны бараг гуравны нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг болох нь. Өнгөрсөн  оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ний 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ний 2,1 хувьд хүрсэн байна.

 

Харин дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-нийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулдаг байна.  Тиймээс “”халамжийн улс” гэж цоллоод байдаг нь аргагүй юм байна. Гэхдээ энэ халамжийн хэд нь жинхэнэ эзэндээ хүрч байгаа вэ гэдэг бас эргэлзээтэй. Учир нь   нас барсан хүний нэр дээр тэтгэвэр нь олгогдож байна,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж  хүрэхгүй байна гэх шүүмжлэл байнга дагалддаг.

 

Нөгөөтэйгүүр халамж хүртэгчдийн тоо нь ч, зардал  өндөр хэдий тэтгэмж тусламжийн хэмжээ тун бага аж. Жишээлэхэл,  таван ам бүлтэй нэн ядуу өрхөд  сард 45,5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь х аламжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцдэг аж. Үүнийг гадаад  улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс орнуудтай харьцуулахад 5-6 дахин бага  гэнэ.

 

Ингээд тооцохоор халамжийн мөнгөний хэмжээнд гар хүрч, хасах шаардлагагүй мэт. Гэтэл хүн амын тоо болон ДНБ-нд эзлэх хувийг тооцон бусадтай харьцуулахаар танахаар аргагүй мэт ээрэгдсэн бодлого явж байна. Ер нь олгож байгаа мөнгөний хэмжээ нь бага болохоор нэн ядуу бүлгийн амьжиргааны түвшин дээшээ гардаггүй. Нөгөө талаас төр, засгаас олгосон бэлэн мөнгөөр амжиргаагаа залгуулж, ажил хийх сонирхолгүй болсон хэсэг ч байгаа.

 

Төр, засаг нэгэнтээ халамжийн мөнгөнд танаж хасахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ халамжийн чиглэлийг дэмжих бодлогоо өөрчлөхөөр зорьж байгаа юм билээ. Тухайлахад иргэдийн гар дээр бэлэн мөнгө олгохыг чухалчлахгүй. Хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах аж. Тодруулвал халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлогыг хэрэгжүүлэх гэнэ. Засгийн мөрийн хөтөлбөрт 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргахаа мэдэгдэж байсан.  

 

Аль ч улс оронд хөдөлмөр эрхэлдэг дундаж давхрагынхан  төр, засгийн бодлого хөтөлбөрөөс орхигддог. Басхүү татвараа төлж,  улсын төсвийг бүрдүүлж байдаг энэ давхрагынханд чиглэсэн бодлого ч дутагдсаар байгаа билээ.  Албан байгууллагуудад цомхотгол ихээр явагдаж байна гэх сөрөг хүчний шүүмжлэл оргүй хоосон популизм биш. Хэрвээ албан хаагчдыг олноор нь ажлаас халвал ажилгүйдэл нэмэгдэж, энэ хэрээр өрхийн орлого хумигдан, халамжийн бүлэг рүү шилжих эрсдэл ойрхон байгаа.  Наанадаж л гэнэт халагдсаны мөнгө нэхэмжилнэ. Энэ хэрээр “гэнэт”-ийн  халамжийн авагчдын тоо ч нэмэгдэнэ.

 

Хэрвээ  дээрх хөтөлбөр бодит амьдрал дээр халамж авагчид хөдөлмөр эрхлэгч болж, дундаж давхрагынханд шилжих нь. Гэхдээ хөдөлмөр эрхлүүлэхгүй бол халамжийнхан жилээс жилд өссөөр байх. Тэр дундаа эдийн засгийн хямралтай энэ үед  ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр амьжиргааны түвшин буурдаг. Тиймээс ирэх жилүүдэд төр, засаг ажлын байрыг нэмэгдүүлж, айл өрхийг орлоготой байлгах бодлогоо цаасан дээрээс хөрсөн дээр буулгаасай гэж найдъя.

 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-05