Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2016-12-05

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

 

Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойролцоох зам талбай, авто зам дагуух цас цэвэрлэгээний  ажилд нийт 11404 хүн оролцож 133559 ам метр зам талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна. Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-уул дүүрэгт 1091760, Сонгино хайрхан дүүрэгт 1352200 мкв, Чингисийн талбайн 102400 мкв,  нийт 4930574 мкв нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ хийж, цасыг ачиж тээвэрлэлээ. Мөн хугацаанд цас цэвэрлэгээнд 147.425 тн бодис, 662.889 тн давс, 100 шоо метр элс цацаж хэрэглэсэн мэдээтэй байна.



Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол ирж, Засаг даргаас энэ чиглэлээр үүрэг чиглэл өгсөн. Хот орчмын 86 чиглэлд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 921 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс оройн 21.00 цагийн байдлаар 554 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах даалгавартайгаас дунджаар 510-525 автобус ажиллаж байна. Судалгаагаар нийтийн тээврийн 71 чиглэлийн зорчигч урсгал буюу ачаалал ямар цагуудад буурч байгааг тодорхойлоход 10:00-13:00, 13:00-16:00 цаг байсан. Үүнээс бууралт ихтэй 35 чиглэлийг тогтоож өдрийн цагаар цонхлуулан оройн цагаар нэмэгдүүлэхээр саналыг боловсруулсан гэдгийг Х.Гантулга дарга танилцуулав.



Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 13196 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хулгай, танхай, булаалт зэрэг гэмт хэргийн гаралт буурсан. Ер нь өнгөрөгч 14 хоногт эрүүгийн нөхцөл байдал тайван байлаа. Энэ хугацаанд “Зэвсэг-2016”, “Халаас”, “Саун-массаж”, “Цохилт” зэрэг нэгдсэн арга хэмжээ явуулсан” гэлээ.



“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 5046 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 90, зөрчлийн шинжтэй 2117 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 90 хэрэг, 121 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг буурчээ. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551, бичиг баримтгүй жолоо барьж явсан 44 зөрчил илрүүлсэн байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.



НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд хүйтний хэм буурч харьцангуй дулаахан байлаа. Харин сарын сүүлийн хагаст хүйтэрч цас орохыг цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлсэн. Өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 18 хувиар, объектын гал түймрийн тоо 25.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэлээ. 



Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гудамж талбайн цас мөс арилсан ч зам дагуу явган хүний зам дээр овоолсон цас одоо хүртэл байсаар байна. Үүнийг яаралтай арилга хэрэгтэй байна” гээд Дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрээ тойрч явж нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаад, иргэдтэйгээ биечлэн уулзаж асуудлыг сонсож баймаар байна. Мөн дүүргүүд хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой. Үүнд Засаг дарга нар онцгой анхаарч хурлаа явуулж, цаг хугацаанд нь төсвөө батлах хэрэгтэй. Хотын орлогч нараас ахлуулж, чиглэл чиглэлээр байгуулагдсан комиссууд ойрын үед хийх хэрэгжүүлсэн ажлаа эргэн тайлагна. “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил явуулах график гаргаж байнгын ажиллагаатай байлгахыг холбогдох дарга нарт үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-05