Н.Наранбаатар: Би сүүлийн хоёр жил “ниссэн”
2016-12-07

Улсын филармонийн дуучин Н.Наранбаатар “Миний захидал” цомгоо танилцуулав. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Анхны цомгоо өлгийдөн авч буйд баяр хүргэе. Энэ жил уран бүтээлийн олз омог арвин байв аа?

 

-Баярлалаа. Тийм шүү. Ерөнхийдөө өнгөрсөн 2-3 жил би тэнгэрт “ниссэн” гэж хэлж болно. Үнэхээр амжилт бүтээлээр дүүрэн байлаа.  Өнөөдөр анхны цомгоо бэлэн болгоод байгаа бол үргэлжлүүлээд хоёр дахь цомгийн ажилдаа орсон. 2016 он бол бүхий л зүйл дээр ололт амжилттай он байлаа. Ирэх онд үүнээс илүү хийж бүтээхийг хүсэж байна.

 

-Цомгийн нэрний тухайд? Та хэнд “захидал” бичив?

 

-Цомгийн  бичлэг 2015 оны долоодугаар сараас эхэлсэн. Цомгийн нэрний тухайд гэвэл Амьд харилцааг бий болгохыг хүсэж ийн нэрлэсэн. Мөн  энэ цаг хугацаанд миний сонсогчдоо зориулан бичиж байгаа захидал юм даа. Энэ үүднээс ийн нэрлэсэн.  Ер нь би уран бүтээлээрээ байж болох бүхий л сайн сайхныг түгээхийг хичээдэг.

 

-Улсын филармонд хэзээнээс данстай болов?

 

-Би 2012 онд анхны бие даасан концертоо хийсний дараа Улсын филармоноос над руу холбогдоод дуучнаар ажилд орох санал тавьж байлаа. Тэр урилга, тэр саналыг хүлээж авах тэрхэн агшинг би хэзээ ч мартахгүй байх аа. Маш гайхалтай хүлээж аваад, тэнгэрт хөөртлөө баярлаж байлаа. Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллана гэдэг их хувь тохиол.

 

-Дуучин болох таны багийн мөрөөдөл байв уу?

 

-Тийм ээ. Би багадаа хөгжим тэврээд унтдаг хүүхэд байлаа. Урлагт хөл тавиад 15 жил болжээ. Анх “Nature Sound” студид суралцаж төгсөөд тэндээ 8 жил sound инженерээр ажилласан. Би багаасаа л классик, “гоё” дуу дуулдаг хүн болохсон гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөөрөө амьдарч байгаадаа баярладаг.

 

-“Гоё” гэдгийг та өөрийнхөөрөө тайлбарлана уу?

 

-Маш нарийн, гүн гүнзгий мэдрэмжийг хүнд өгдөг. Энэ урсгалаар дуулахад дуулж байгаа хүн нь хамгийн их таашал, мэдрэмжийг авч чаддаг. Сэтгэлгээний чөлөөт ертөнцөөр аялдаг гэж хэлж болох юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Дуучин Укатай хамтарсан уран бүтээл олон хүнд хүрсэн. Өөр эмэгтэй дуучинтай хамтрах бодол байна уу?

 

-Байлгүй яахав. Би бүх эмэгтэй дуучдаас хамтран уран бүтээл туурвих санал хүлээж авсан. Тийм учраас бүх эмэгтэй дуучидтай хамтран дуулж цомог гаргахаар төлөвлөж байгаа. Би Ука бид хоёр дараагийн уран бүтээл дээрээ хамтран ажиллаж байна. Сонирхолтой, сайхан дуу бүтнэ байх гэж бодож байна.

 

-Бүгдээс нь санал авсан гэхээр МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа нараас хүртэл үү?

-Үгүй дээ. Монголын гайхалтай дуучид болох  МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа, П.Наран зэрэг дуучинтай хамтарч дуулахыг хүсдэг.  Тэдэнд би хамтрах хүсэлт тавина. Харин миний үеийн Агиймаа, Маралжингоо, Баярцэцэг нартайгаа уран бүтээлийн сэдэл санаа ярилцаж байна.

 

-“Аяыг таа” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Таныг хөтөлдөг байхад илүү хөгжимлөг санагддаг байсан шүү.

 

-Баярлалаа. Энэ нэвтрүүлэгийн хөтлөгчөөр ажиллаж байх хугацаа миний хувьд бас нэгэн аз жаргалтай мөч байлаа. Би өөрөө урлагийн хүн учраас илүү ойрхон байсан. Хүмүүст ч хүрсэн, би өөртөө ч таалагдаж байсан /инээв.сур/.

 

-Яагаад хөтлөхөө байчихав?

 

-Би хоёр, гурван ажил давхар амжуулж байна. Филармондоо дуулна. Бас студид инженерээ хийж байна. Тийм болохоор хөтлөгчөөр ажиллахаа болсон.

 

-Цаашдын хүсэл мөрөөдлөө хуваалцаач?

 

-Би хийж байгаа зүйлдээ байгаа бүхнээ зориулж чадсан нь миний давуу тал гэж би бодож байна. Тийм учраас амьдралынхаа туршид урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэнэ. Зөвхөн монголдоо биш гадаадад гялалзсан дуучин болохыг хүсдэг. Нэг зам гарвал дараа дараагийн уран бүтээлчид олон улсад танигдана. Энэ бол миний хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
eba:
энэ хөгшин царайтай баагий агиймаагийн үе юмуу хахаха. БИ сарантуяагийн үе гэж харж блаашдээ. ЖҮЖИГЧИН билүүдээ энэ өвгөн чинь
2016-12-07
Зочин:
Урлагийхан нисээдл байдаг ард түмэн нь доороос нь харахуу эдийн засаг нь унаадл байдаг логикоор бодоод үзээч
2016-12-07