Хүүхэд асарсан хугацааны НДШ-ийг тасалдуулахгүй
2016-12-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Н.Чинзориг гишүүний санаачлан оруулж ирсэн уг хуулийн төслийн танилцуулгад “Монгол Улсад эхчүүдийн нийгмийн баталгааг хангахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Уг хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг талтай байна. Ялангуяа  эдийн засгийн өсөлт бага, хямралтай үед эмэгтэйчүүд янз бүрийн шалтгаан, шахалт дарамтаар тэтгэвэр эрт тогтоолгох явдал түгээмэл гарах боллоо. Мөн эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж  байна.

 

Статистикийн тоо баримтаас  үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байна. Энэ нь  эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөхөд зарцуулсан хөдөлмөрийг нийгмийн үнэлэмжтэй болгож, нийгмийн даатгалын сангаас бусад даатгуулагчидтай адил үр ашиг хүртэх боломж олгох шаардлагыг зүй ёсоор бий болгож байгаа юм. 

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох болзол нөхцөлийг зохицуулсан байдаг. Гэвч энэ зохицуулалт нь  байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаарахгүй байгаа юм.

 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн  салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж байна. Энэ нь нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа билээ. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах,  наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байгаа юм. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болж байна.

 

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төсөл нь Монгол ардын намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.1.1–д “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцонтэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ.”, 1.1.2-т “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ.” 1.1.3-т “Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно.”, 2.9.6-д “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна.”  гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгаа болно.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй. Харин эхчүүд, малчдын нийгмийн баталгаа сайжирч, хүн амын өсөлт болон мал аж ахуй эрхлэгчдийн даатгалд хамрагдах сонирхолд эерэгээр нөлөөлнө. 

 

Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37962.0 сая төгрөг шаардагдана. Үүний 31107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1296.0 саяыг ажил олгогчоос, 5558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцлоо. Ирэх 2017 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхтэй холбоотойгоор шимтгэлийн орлого, цаашид шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нэмэгдэх бөгөөд төсвийн үргүй зардал, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулах, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авсны үндсэн дээр энэхүү зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэж дурджээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хууль санаачлагчаас гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин