168 мянган ахмад хөдөлмөр эрхлэх сонирхолтой
2016-12-14

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдэв.  Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа аж. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн   хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн   амд эзлэх ахмад  настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

 

УИХ-ын тогтоолоор “Монгол  Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ач санах   хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчныг   бүрдүүлнэ” гэж тусгажээ. Энэ хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50.0 мянгаас 250.0 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцсон байна. Уг арга хэмжээнд зориулан 20.4 тэрбум төгрөгийг ирэх  оны төсөвт тусгасан юм.

 

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой 4 бүлэг, 17 зүйлтэй аж.  Ахмад настанд  үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ,  хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг   үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон байна.  Хуулийн төсөлтэй уялдан нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум  төгрөг нэмж шаардагдах гэнэ.  Харин ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь холбогдох бусад хуулиудтай   уялдаж байгаа тул төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр тухайн сангуудаас санхүүжин хэрэгжих аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ахмад настны тухай хууль нь одоо хэрэгжиж байгаа хуулиас дордох ёсгүй. Гэтэл шинэ төсөлд ахмад настан сувилал, амралт хоёрт амархад аль нэгийнх нь төлбөрийг төрөөс даадаг байх зохицуулалт орж ирсэн нь буруу, улам дордчихоод байна” хэмээн анхааруулав.

 

-Амралт, сувилалд амарсан ахмадад зардлынх нь төлбөр болгож төрөөс 200 мянган төгрөг олгодог. Үүнийг сувилалд амарсан ч, амралтанд амарсан ч олгосон нөхцөлд төрөөс даах зардал улам нэмэгдэж жилдээ 8-9 тэрбум төгрөг олгох шаардлага үүсэх аж. Эдийн засгийн хямралтай үед ийм боломж хягаарлагдмал. Тиймээс аль нэгд нь төрөөс дэмжлэг үзүүлэхээр заасан гэдгийг салбарын яамнаас тайлбарлав.

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Судалгаанаас харахад улсын хэмжээнд 168 мянган ахмад хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Тэд аль салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ гэдгийг судлах шаардлагатай. Гадаадад орнуудад ахмадууд ихэвчлэн үйлчилгээний салбарт цагаар ажилладаг. Ийм боломжийг ахмадуудад олгох хэрэгтэй. Аймаг, сумын ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажилладаг гэхээсээ ажиллахгүй нь их. Тэр төвд гэдэсний дасгал хийх төхөөрөмж суурилуулснаас өөр зүйл бараг байхгүй. Гэтэл ахмадууд фитнесс төвөөр, иог, бүжгийн дугуйлан зэрэгт үйлчлүүлэх сонирхолтой болсон. Энэ бүгдээр үйлчлүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлдэг эрх зүйн орчинг бий болгох шаардлага үүсэж байна хэмээлээ.

 

Ийнхүү Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин