Мөнгөн урамшууллыг халамжтай адилтгаж болохгүй
2016-12-14

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэв.  Ахмад настны   нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн   тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарчээ.

 

Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар   зохицуулж байсан ижил төрлийн  тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор  Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох  тухай  хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд шинэ зохицуулалт нэмэгдээгүй тул хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юм байна.

 

Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат цолтнууд, Төрийн шагналтан, Төрийн соёрхолт шагналтнууд тэтгэврээсээ гадна сар бүр 150.000-200.000 төгрөгийг төрөөс авдаг байна. Энэ нь шагнал дагаж ирдэг тэтгэмж.  Судалгаагаар энэхүү тэтгэмжийг 4789 ахмад авдаг. 2015 онд эн зориулалтаар халамжаас нийт 4.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл шагнал дагаж ирдэг тэтгэмжийг ихэвчлэн чинээлэгээс дээш амьдралтай ахмадууд ихэвчлэн авдаг аж. Иймээс Засгийн газар шагнал дагаж ирж байгаа энэхүү мөнгөн урамшууллыг халамжтай адилтгаж болохгүй, урамшуулал хэлбэрээр авч үзэх нь зөв гэж үзжээ.  

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан урамшууллын хэмжээнд өөрчлөлт орох эсэх, олимпоос медаль авсан тамирчдад цалинг төрөөс олгодог. Нийт  хэр хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа талаарх гишүүдийн асуултад ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

-Шагнал дагаж олгогдох мөнгөн урамшуулалд өөрчлөлт орохгүй, хэвээр хадгалагдана. Олимпод амжилт гарган медаль авсан тамирчин сарын 6 сая төгрөгийн цалин авдаг. Гэхдээ хуулиараа энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаггүй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцдаг хэмээн хариулав.

 

Байнгын хорооны гишүүд Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин