Байнгын хороо хуулийн төслүүдийг дэмжлээ
2016-12-14

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.12.14/ хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

 

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав.

 

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

 

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулсан.

 

 

Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ.

 

Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон гэж Засгийн газар үзэж буй юм байна.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, А.Ундраа, Б.Саранчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Мөн хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

 

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог билээ.

 

 

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаатай холбогдуулан одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарч байгаа аж.

 

Тиймээс алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн боловсруулсан хэмээн танилцуулсан юм

 

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

 

Дараа нь Байнгын хорооны тогтоол батлах тухай, ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

 

Байнгын хорооноос Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын  халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.

 

Тус Байнгын хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн дээрх тогтоолыг гаргасан бөгөөд Монгол Улс дахь БЗДХ, ХДХВ, ДОХ өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт уг тогтоолоор Засгийн газарт чиглэл болголоо.

 

 

Тухайлбал, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэгтэй “Үндэсний хороо”-г дахин сэргээн байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, энэ чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын тусламж, төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ХДХВ, БЗДХ-ын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах, өвчний эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгох сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагсад болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

 

Мөн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Инновацийн тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав. Түүнчлэн Кино урлагийн талаар, Цэцэрлэгийн хүртээмжийн талаар, Боловсролын бодлогыг хэрэгжүүлж буй байдлын талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгүүдийг мөн байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин