Улсын начин Э.Даш түрүүлэв
2016-12-19

Богдхан хайрханы хишиг барилдаан өнгөрсөн өдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Н.Ганбаатар нарын 256 бөх зодоглов.

 

Барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүллээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Давсат сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа.

 

Мөн өнгөрсөн өдөр Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Аймгийн заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан боллоо. Уг барилдаанд  256 бөх зодоглов. Үүнээс Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай 8 даван түрүүлэв. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлант дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүрлэв. Их шөвөгт Налайх дүүргийн уугуул, Хантайшир дэвжээний бөх аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан М.Бадарч нар шалгарлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин