Замын цагдаагийн газраас зөвлөж байна
2016-12-19

 

Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн-1000, Бөмбөгөр, Барс, III, IV дүгээр хороолол зэрэг орчимд зогсоолын хүрэлцээ муу, хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

 

Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо өөрсдийн тээврийн хэрэгслээ байршуулснаас болж зогсоолын талбайн эргэлт байхгүй, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, давхарлах зэрэг зөрчлийг гаргаж зохиомол түгжрэл бий болгож замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулж ихээхэн бухимдуулдаг.

 

Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилчид та бүхэн өөрсдийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх, жолооч иргэд та бүхэн бусад хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж, тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөж байна.

 

Замын хөдөлгөөний хэт ачаалалыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой оролцохыг уриалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин