ТОСК түрээсийн орон сууцыг хэрэгжүүлнэ
2016-12-20

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын цаашдын хөгжлийн асуудлаар БХБ-ын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Дараагаар нь байнгын хорооны гишүүдийн асуултад хариулав.  Гишүүн Б.Дамба-Очир “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байна. ТОСК цаашид барилга барих шаардлага, хөтөлбөрийг үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй гэсэн юм. Үүнд БХБ-ын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байгаа нь эдийн засагтай холбоотой. ТОСК-ийн хувьд  цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана” хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн хүүг багаар олгож болохгүй юу. Хямд үнэтэй орон сууц барьсан компаниудыг дэмжих бодлого байна уу? Орон нутагт тендерт шалгарсан компаниуд Улаанбаатараас ирдэг. Гэтэл засвар үйлчилгээ гарахаар тухайн компани нь утасаа авдаггүй. Энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй байна.

 

-Ипотекийн зээлийг аймаг орон нутагт 8-аас доош хувиар олгох хэрэгтэй  гэдэгтэй санал нэгддэг. Гэхдээ эх үүсвэр олдоогүй байгаа учраас энэ асуудал шийдэгдээгүй байна. Аймаг орон нутагт хямд үнээр орон сууц барихад төсвөөс дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй. Хөдөө ч бай, Улаанбаатар хотод ч бай 0.07 ам.метр өмчийн газар дээрээ амины орон сууц барихад ипотекийн зээл олгох чиглэлд явуулна. Ямар ч барилгын ажлыг гүйцэтгэхэд тендерт орсон аж ахуй нэгжүүдээс тусгай зөвшөөрөл шаарддаг. Засгийн газар аймгуудтайгээ энэ асуудлаар гэрээ байгуулж ажиллах бодлого барьж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

 

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг олох чиглэлд ямар зүйл санаачилж байна вэ?

 

-Ипотекийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэх тал дээр яам гэрээ байгуулах эрх байхгүй. Гэхдээ Монгол банк, БХЯ ипотекийн зээлийн асуудлаар уулзаж, ярилцаж, ажлын уулзалт хийж байгаа.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

 

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж гарч ирж байгаад баярлаж байна. Үр дүнтэй явж байгаа төслийг дэмжих ёстой. Түрээсийн байрны асуудлаар шинэ бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуултдаа хариулт авснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин