Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2016-12-21

 

Зохиогчийн эрх, оюуны өмчийн эрхийн зөрчлийг арилгах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохиогчийн эрхийг үр дүнтэй хамгаалах зорилго, зорилтын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Санамж бичгийг ОӨУБЕГ-ийн дарга Р.Содхүү болон харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн нар үсэглэв.

 

Талуудын хамтын ажиллагаа нь дор дурдсан үндсэн чиглэлээр явагдах юм. Үүнд:

 

  • Оюуны өмчийн болон, Мэдээлэл харилцаа холбооны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, шинээр боловсруулах хуулийн төслүүд, бодлогын баримт бичигт  харилцан санал өгөх;

 

  • Оюуны өмчийн болон Мэдээлэл харилцаа холбооны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах

 

  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт зохиогчийн эрх болон хамаарах эрх, оюуны өмчийг хүндэтгэх соёлыг хэвшүүлэх, иргэдийн болон бизнес эрхлэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх  чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг, сургалт семинар зохион байгуулахад хамтран ажиллах

 

  • Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээгээр контент бэлтгэн дамжуулахад үүссэн оюуны өмчийн эрхийн зөрчлийн талаарх гомдол, маргаантай асуудлыг шуурхай шийдвэрлэх, харилцан мэдээлэл солилцох, үзлэг шалгалт зохион байгуулах, зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.  

 

Харин өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид (өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч, радио), интернэтийн вэб хуудсаар бүтээл, контент, оюуны бүтээл ашигласан зар сурталчилгаа нэвтрүүлж, нийтлэхэд  дараах байдлаар хамтарч ажиллана. Үүнд:

 

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон интернэтийн орчинд оюуны өмчийн эрхийг хамгаалах, зөрчлийг нэн даруй арилгах талаар авах арга хэмжээний удирдамж хамтран баталж, хэрэгжилтийг хангуулах, нийтэд мэдээлэх арга хэмжээ авах

 

  • Өргөн нэвтрүүлгийн хараат бус байдлыг хангах зорилгоор өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн эзэмшлийн мэдээллийг ил тод мэдээлэхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас дэмжлэг үзүүлж, Зохицуулах хорооны хүсэлтийн дагуу эзэмшлийн талаарх мэдээлэл, эзэмшлийн өөрчлөлтийг түргэн шуурхай гаргаж өгнө.

 

  • Телевиз, кабелийн суваг, радио, интернэтийн вэб хуудсаар нийтэлж, түгээж буй бүтээл, контент, зар сурталчилгааны оюуны өмчийн эрхийн зөрчлийн талаар иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол маргаантай асуудлыг үндэслэн дүгнэлт гаргуулах хүсэлтийг ОӨУБЕГ-т Оюуны өмчийн газарт, зөрчлийн талаар тайлбар ирүүлэх, зөрчлийг арилгах мэдэгдэлийг холбогдох үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ.

 

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой гомдол маргаан, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, авсан арга хэмжээг тус хороонд мэдэгдэнэ.

 

  • Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас зөрчилтэй вэб сайтын талаар холбогдох дүгнэлтийг гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ. Дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс хуулийн дагуу холбогдох арга хэмжээг шуурхай хариу мэдэгдэнэ.

 

Түүнчлэн үйлчилгээ эрхлэгч болон хэрэглэгчдийн дунд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлаар болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын бусад асуудлаар сургалт семинар, хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах зэрэг ажлын хэрэгжүүлэн хамтран ажиллах юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин