Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байхгүй
2016-12-21

Хуульзүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Хилийн тухай хуулийн танилцуулгыг гишүүн Ц.Нямдорж танилцууллаа. “Хилийн бүсийг байхгүй болгосон асуудлыг буруу гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс бид хилийн бүсийн хэмжээг Хил хамгаалах байгууллагын дарга Хилийн сумын Засаг дарга нартай хэлэлцэж байгаад тогтооно. Хилийн бүсийг 100 км байхаар тогтсон. Зарчмын зөрүүтэй санал гарч байгаа” хэмээсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Өнөөдөр хилийн цэрэг хилийн цагдаа болжээ. Энэ концевци сүүлдээ улстөржжээ. Цэргийн нэг хэсэг бүрэлдэхүүн болсон хилийн цэрэг Гадаадын иргэн харьяатын байгууллагад очиж тамга дарсан  эрхмүүд болоод байна. Энэ зөрчлийг яаж ойлгох вэ?

 

-Хил хамгаалах байгууллага 90 жилийн түүхтэй. Хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулдаг чухал онцлогтой. Гадаадын иргэн харьяатын газрыг би Хуульзүйн сайд байхдаа байгуулсан.  Хил хамгаалах байгууллага тайван цагт зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэхгүй. Хилийн хуулиар Хил хамгаалах байгууллага бараа таваарт үзлэг хийдгийг болиулж байна. Тээврийн хэрэгсэл болон зорчигчийн бичиг баримтад үзлэг хийнэ.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Хилийн маргааныг энхийн журмаар шийднэ гэж байна. Хилийн аюулгүй байдал дээр харамсалтай жишээнүүд байдаг. Хилийн зөрчлийг яаж энхийн журмаар шийдэх вэ?

 

-Ажлын хэсгийн хүрээнд гарсан саналын тухайд тайлбарлах үүрэгтэй. Учрал гишүүн өөрийн саналаа бичгээр өгч хураалгаж болно. Хил хамгаалах байгууллага хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэнд үйл ажиллагаа явуулбал тусгай хэрэгслээ хэрэглэдэг. Зөвхөн хилийн боомт дээр шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Хилийн боомтууд дээр хил хамгааллахын ангиуд гаргаж байгаа. Тэнд олон хүнийг хамарсан үймээн болбол цагдаа оролцуулах заалттай байдаг. Хил хамгаалах байгууллага тэргүүн дарга, дэд даргатай байна. Тэр албан тушаалд нь генерал цол олгож байхаар заалт орж ирсэн байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Агаарын хилийн хязгаарлалтыг яаж зохицуулж байна вэ? Агаарын хилийн орон зай асуудал дагуулж байгаа юм билээ.

-Хуулиар энэ асуудлыг зохицуулсан. Агаарын хилийн зөрчлийн талаар Агаарын цэрэг мэдээлэл өгч байхаар зохицуулсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Хилийн шалган дээр гадаад, дотоодын иргэн нэг урсгалаар орж гарч байх уу?

 

-Гадаадын иргэн харъяатын алба өөрийнхөө хуулиар гадаадын иргэдийг оруулж гаргах ажлаа хариуцна. Үүнд хилийнхэн оролцохгүй. Гол хөдөлгөөн хийгддэг Буян-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд зэрэг газарт гадаадын иргэнтэй холбоотой асуудал Гадаадын иргэн харъяатын дагуу явна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Хуулийн төсөлд шүүмжлэлтэй хэсгийг эргэн харж, зохицуулалт хийн оруулж ирсэн Ц.Нямдорж гишүүнд баярлалаа. Хэлэлцэгдээд байгаа хуулиас гадна захиалгын шинжтэй маш олон хууль орж ирдэг болсон байна. Нэгэнт хэлэлцэж байгаа хууль руу төрөл бүрийн зүйл хавчуулахыг оролддог болж. Үүний нэг жишээ нь хилийн бүсээс  100 км хүртэл гэдгийг хасахыг оролдсон. Тэнд байгалийн маш баялаг байгаа.  

 

ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн:

 

-Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн бүс, хилийн зурвас гэсэн гурван ухагдахуун байгаа. Хилийн бүсэд нэвтрэхийн тулд Хил хамгаалах байгууллага зөвшөөрөл өгдөг хуулийн заалт байсан юм. Хориглосон заалт байхгүй мөртлөө Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдгийг болъё гэсэн санал орж ирсэн. Хил орчмы бүс нутаг гэдгийг хөрш оронтой хиллэж байгаа сумдыг хэлнэ гэж заасан байлаа. 100 км гэсэн заалт байхгүй байсан. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байхгүй. Зөвхөн хилийн бүсэд нэвтрэхэд л зөвшөөрөл авдаг. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин