Хөгжлийн банкны бие дааж ажиллах боломжийг олгох хэрэгтэй
2016-12-26

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурал өндөрлөлөө.  Хурлаар хэлэлцсэн асуудлыг талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж  нар мэдээлэл хийсэн юм.  Бүлгийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ.  АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж:

 

-Чингис, Самуурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар,  580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд олгосон. Энэ гадаад бондоор маш их хэрэгцээгүй зүйл хийж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржөөд байгаа.  Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 гаруй хуудас дүгнэлт нууц байсныг өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүд авч танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт олгосон байна. Тэр төсөл хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд Зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй.  Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь Зээлийн эрсдэлийн сан байгуулсан байна. Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, “Амгалан” станц, “МИАТ”, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан байна хэмээн мэдээлэл. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзсэн.  Хөгжлийн банкаар дамждаг төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэж төлөх нөхцөлтэй олгох зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь байх вэ гэдгийг тодорхой тогтоож, журам стандартыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр ихэнх зээлүүд зөвхөн Засгийн газар, УИХ дээр яригдаж шийдэгддэг болсон учир энэ банкны өөрийнх нь бие даасан байдал алдагдаад байна. Тиймээс санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хуульдаа маш тодорхой зааж өгөөд, хэн тогтоохыг нь тодорхой хэлж өгөх нь чухал. Хөгжлийн банкны бие дааж ажиллах боломжийг олгож өгөх нь зүйтэй. Өнөөдөр улс төрөөс хамааралтай санхүүжүүлэхээр хараат бус, бие дааж ажиллах чадваргүй болчихоод байна. Тийм чадвартай болгохын тулд эрх, үүргийг нь өргөн болгож өгөх хэрэгтэй. Үүнийг хуульд тусгасан байна. Тийм учраас бид энэ хуулийн дэмжиж байгаа.

 

Мөн Хөгжлийн банкны удирдлагын хараат бус байдал чухал. Өнөөдөр тус банкны ТУЗ-ийн есөн гишүүний зургааг нь  Засгийн газраас томилж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ улс төрөөс хараат, тэр тусмаа Засгийн газар төрийн албан хаагчдаа тийш нь томилох нь утгагүй зүйл. Энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийг тавьдаг байх ёстой гэж хуулинд оруулж өгч байгаа. Олон нийтийн хараа хяналтыг сайжруулах үүднээс хараат бус ТУЗ-ийн гишүүн гэж гурван хүн ажилладаг. Тэрийг сонгодог утгаар нь хараат бус байх, аж ахуйн нэгжүүд, хувийн секторын төлөөллийг оролцуулдаг заалтыг оруулж өгөхгүй бол энэ Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна.

 

Иймэрхүү үндсэн зарчмуудыг энэ хуульд суулгаж өгч байгаа. Энэ хуулийг АН-ын бүлэг дэмжиж байна хэмээн мэдээлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хоёрнүүрт:
өөрсөдөө бол сайд ч дур мэддэж зарцуулдаг, одоо бол бие даана, хэтэрхий хоёр нүүрлэж ба, шалгалтаа хуулийн дагуу дуусга ямар ч нөхцөлд бид ингэж хэлэх ёстой доо, худаа бол хариу бичээрэй,
2016-12-26
ард:
өөрсөдөө бол сайд ч дур мэддэж зарцуулдаг, одоо бол бие даана, хэтэрхий хоёр нүүрлэж ба, шалгалтаа хуулийн дагуу дуусга ямар ч нөхцөлд бид ингэж хэлэх ёстой доо, худаа бол хариу бичээрэй,
2016-12-26
иргэн:
Хараат бус байх ёстой гэж үзэж байгаа бол төрийн оролцоотой хөрөнгө оруулалт шаардлагагүй
2016-12-26