Монголын зэс корпораци 10 сая төгрөгийн хандив өглөө
2016-12-26

 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Монголын зэс корпорацийн удирдлагууд Орхон аймгийн бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулж, баярын үйл ажиллагаанд нь оролцлоо. Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар тус төвийн хүүхдүүдийн амьдрал байдалтай танилцаж, авъяас билэг, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагчдыг магтан урамшуулсан юм. Хэдийгээр эцэг эхээсээ өнчирч хоцорсон ч багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчдын хайр аламжинд өсч, хэнээс ч дутахгүй яваа эдгээр хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байгаад талархлаа илэрхийллээ.

 

М.Мөнхбаатарын яриа

“Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар 39 хүүхэд сурч хүмүүжиж, амьдарч байна. Мөн сурган хүмүүжүүлэгч, багш, тогооч, жолооч гээд нийт 20 орчим хүн ажилладаг. Анх 1992 онд долоон хүүхэд хоёр ажилтантай байгуулагдаж байсан “Энэрэл” төвөөс нийтдээ 500 гаруй хүүхэд сурч төлөвшин, амьдралд хөл тавьсан байна. Тэдгээрээс гадаад дотоодын их дээд сургууль, МСҮТ-д 27 хүүхэд суралцаж төгссөн ажээ. Сонирхуулахад Эрдэнэтийн “Энэрэл”-ээр овоглосон нэг ч хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нь энэ төвийн үйл ажиллагаанд тавьсан сайн дүн гэлтэй.

 

Шинэ жилийн цэнгүүний үеэр тус төвийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо сонирхуулж, хөгжөөнт тоглоомоор өрсөлдөн, нэг өдрийг баяр баяслаар дүүрэн өнгөрүүллөө.

 

 

Үүний дараа Монголын зэс корпорацийн удирдлагууд Эрдэнэт хот дахь Саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төвд нийт 25 хүүхэд хүмүүждэг бөгөөд ердөө тавхан багш ажилтан хариуцдаг нь асрамж шаардлагатай эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамж, хамгаалалтын наад захын шаардлага хангахааргүй хэт жижиг байранд, агаар, орон зайн хомсдолтой орчинд эдгээр хүүхдүүд хүмүүждэг юм байна. Байгууллагын зүгээс өргөтгөл хийлгэхээр зураг төслөө гаргаж, 150 сая төгрөг шаардлагатай гэдгээ холбогдох байгууллагад мэдэгдсэн боловч шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөлгүй өдий хүрчээ. Харин Монголын зэс корпорацийнхан байрны өргөтгөлд зориулж 10 сая төгрөгийн хандив өргөөд, ирэх жилд багтаан асуудлыг шийдвэрлэж өгөхөө амлалаа.  

 

Хайр халамж, анхаарал хамгийн их хэрэгтэй байгаа эдгээр хүүхдүүдийн сурч хүмүүжих орчинд ийнхүү дэмжлэг үзүүлсэн нь Монголын зэс корпорацийн ирээдүйд дэвшүүлсэн таван зорилтын чухал хэсэг болсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын нэгэн жишээ юм. Эрдэнэт үйлдвэр үндэсний компани болсноор иргэдийн нийгмийн асуудалд энэ мэтчилэн анхаарал хандуулж, шийдвэрлэх ажлууд ар араасаа хөврөх биз ээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

 
Shuud.mn
Сонин хачин
zochig:
mon ch ikh nugel bii dee
2022-11-04
zochin:
ичиг ичиг
2019-03-12
Зочин:
Луйварчид
2016-12-26