Нийслэлд 1459 эргүүл ажиллаж байна
2016-12-27

 

Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016.08.31-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмын дагуу нийслэл хотын хэмжээнд 1459 иргэн өдөрт 4-6 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Тэд 3936 иргэнд яриа таниулга хийж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд болон архидан согтуурах, хуулиар зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи худалдан борлуулж буй иргэдийн талаар 720 мэдээ, мэдээлэл цагдаагийн байгууллагад өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2438 санамж, сэрэмжлүүлэг тараан, 1068 байгууллага, аж ахуйн нэгж, 1626 айл өрхөд зөвлөгөө өгч, нэг гэмт хэргийг илрүүлэн ажиллажээ.

 

“Хэв журмын урамшилт эргүүл”-ээр ажиллаж байгаа иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулж 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Урамшилт эргүүлийн ханцуйн тэмдэг, хөдөлмөр хамгааллын хантааз, урамшуулалд нийслэлийн ГХУСАЗЗ-өөс 183.865.250 төгрөг зарцуулжээ.

 

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аюулгүй хот” төслийн хүрээнд нийслэл хотын гудамж талбайд ашиглагдаж байгаа 1483 хяналтын камерын үйл ажиллагаатай танилцаж Улаанбаатар хотын төв гудамж болон иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй цэгүүдийн эвдэрч гэмтсэн 64 камерын засвар, үйлчилгээнд шаардагдах 75.436.600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж засварын ажлыг эхлүүлээд байна.

 

Shuud.mn
Сонин хачин