Жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн хэрэгтэнг шалгаж байна
2016-12-27

 

Цагдаагийн байгууллагаас нийслэлд үйлдэгдэж буй ноцтой болон зонхилон гарсан гэмт хэрэг, шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эргүүл, хяналтын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сард долоон сартай жирэмсэн иргэн М нь бусдад боолгуулж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй 1982 онд төрсөн, эрэгтэй М гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц, хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 2016 оны 12 дугаар сард нөхөн илрүүлэн шалгаж байна.

 

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Акума” төвийн урд талын жалганд 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 60 настай эмэгтэй И нь эд зүйлээ дээрэмдүүлэн, зодуулж нас барсан хэргийг Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1991 онд төрсөн, эрэгтэй Т гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

 

2016.12.24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Нарангийн голын эцсийн буудлын орчимд 27 настай, эрэгтэй Г-г хувийн машинтайгаа таксины үйлчилгээнд явах үед нь үл таних 160-170 см орчим өндөртэй, 20-25 нас орчим эрэгтэй хүн үйлчлүүлж явах үедээ араас боож “Iphone-4” маркын гар утас, 30 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг Б гэгч үйлдсэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлсэн.

 

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг араас нь боож унаган, бүлэглэн зодож айлган сүрдүүлж, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмддэг Г, Н, А, Т, Э нарын 18-25 насны бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн баривчиллаа. Дээрх этгээдүүд нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дээрмийн 21 гэмт хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

 

Shuud.mn
Сонин хачин