Хууль зөрчсөн албан тушаалтныг эргүүлэн татах хуулийн төсөл мэдүүллээ
2016-12-27

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2016.12.27/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. 
 
 
 
Одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг  шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн байна. Иймд: 
 
  • Тулгараад байгаа нөхцөл байдал, олон улсын чиг хандлагад нийцүүлэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, 
  • Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-ын үндсэн чиглэлийн 2.3-т заасан “Гамшгийн нэр томьёоны тодорхойлолт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх, 
  • Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, 2016 онд батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиудтай нийцүүлэх, 
  • Дэлхийн улс орнуудын удирдагчид, шийдвэр гаргагчдын хамтран хэлэлцэж баталсан Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичиг, эдгээр баримт бичгүүдэд заасан улс орнуудад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

 

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй  холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий хуулийн төсөл 11 бүлэг, 54 зүйлтэй. 
 
 
Мөн сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зохицуулалт бүхий Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорьжээ. 
 
 
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан байна. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав. 
 
 
Албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АН-ыг засаг барьж байх үед өргөн барих хуулийн төсөл байсым даа.
2016-12-27