Зэсийн ханш хүчтэй сануулга өгч байна
2011-10-04

Зэсийн ханш уруудсаар байна. Blоomberg тонн зэсийн ханшийг 6642 ам.доллар байгааг дамжуулж байна.  Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй, хөрөнгийн захуудад уналт нүүрлээд байгаа энэ үед улс орнуудын металлуудын эрэлт хумигдаж, ханш  унах нь зайлшгүй бөгөөд аюултай үзэгдэл гэж болно. Өнгөрөгч сарын 21-ний өдөр Лондоны бирж дээр тонн зэс 8415 ам.доллар байхад зэсийн ханш уналаа хэмээн дамжуулж байсан бол өнөөдрийн долоон мянгаас уруудсан ханш эрсдэл тун ойр ирсэнийг  дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай төсөвтэй манай улсад сануулж байна. Уг металлын борлуулалтаас орж ирж буй орлого төсвийн дансыг  тайван байлгахын зэрэгцээ, хэрэв дэлхийн зах зээл дээр тонн зэсийн ханш 5983.1 ам.доллараас илүү гараад байвал тэр мөнгө Тогтворжуулалтын санд орж байх ёстой. Учир нь  ОУВС-аас гаргасан 1998-2009 оны зэс, нүүрсний дундаж үнэ, “Bloomberg”-ээс мэдээлсэн зэс, нүүрсний үнийн 2010-2013 оны төсөөллийг дундажлан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд  заасан “төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох” тусгай шаардлагыг хангасан байхаар тооцож 2011 оны төсөвт зэсийн үнийг 5983.1 ам.доллар байхаар тусгасан юм. Гэтэл байдал ийн бишдээд байна. Тогтворжуулалтын санд орох нь битгий хэл улсын төсөв өөрөө хүнд байдалд орж болзошгүй байна. Ийм маягаар удаан үргэлжилвэл юун төсвийн тодотгол манатай. 2012 оны төсөв тун даржин байх магадлал өндөр юм. Э.Болор
Shuud.mn
Сонин хачин