АН завсарлага авлаа
2016-12-27

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг ГХ-ны  сайд Ц.Мөнх-Оргил хийсэн юм.

 

Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

 

Танилцуулгын дараагаар гишүүн Б.Пүрэвдорж  "Гадаад харилцааны чиглэлээр сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авах шаардлагатай гэж намын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн.  Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн "Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авч байна" гэлээ.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу намын тус намын бүлэгт ажлын таван өдрийн завсарлага өгөв. Үүний дараагаар байнгын хорооны ирэх оны эхний хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна сүүлийн үед яригдаж байгаа асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно хэмээсэн юм.

 

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул уулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Shuud.mn
Сонин хачин