Шинэчлэл хийгээд хуучин сценари
2016-12-28

Идэр есийн хүйтнийг үл ажран АН-ын даргад нэр дэвшигчид хөдөөгийн уул талаар сонгуулийн сурталчилгаагаа хийж явна. Тэд сурталчилгаагаа нэгэн гараанаас эхэлж, барианд ч зэрэгцэн орж ирэх юм.  АН-ын шинэчлэл намын даргын сунгаатай зэрэгцэн үргэлжилж байна. Гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэн, цахимжуулж, батлахаа гээсэн гишүүд болон шинээр АН-д элсэх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж байна. 180 мянга орчим гишүүнтэй энэ намын гишүүд намын даргын сонгуулийн санал хураалт хүртэл бүртгэлээ шинэчлэхгүй бол санал хураалтад оролцох эрхгүй болно. Учир нь намын даргыг сонгох санал хураалтыг цахимд бүртгүүлсэн гишүүд өгөх эрхтэй.  Намынхаа шинэчлэлийн төлөө зүтгэж, шинэ сонголтын өмнө ирээд байгаа журмын нөхөд гишүүний батлахаа шинэчлэхээ мартаагүй байлгүй.

 

Хэдийгээр удирдлагаараа  хэнийг сонгох нь АН-ын гишүүдийн дотоод асуудал ч Монголын улс төрийн томоохон хүчний шинэчлэлийн явц  олны анхаарлын төвөөс гадуур  өнгөрсөнгүй. Намын даргад нэр дэвшигчдийн тухайд нийгэм янз бүрээр л хүлээн авч байна. Өнөөх л 90 оны ардчиллын партизан хэмээн цээжээ дэлддэг, АН-д ноёрхлоо тунхагласан, намыг төдийгүй Засгийг удирдаж явсан эрхмүүд нэр дэвшсэнд  олон нийт таатай  хүлээж авсангүй.  Шинэчлэгдэх юм уу даа, энэ АН гэсэн тоомжиргүй хандлага газар авна лээ. Гэхдээ  нэр дэвших эрх нь намын гишүүдэд  нээлттэй. Хамгийн гол нь намдаа элсээд 5-аас  дээш жил болсон, сонгуулийн зардал болох 250 сая төгрөгийг тушаасан байх шаардлагыг нэр дэвшигчдэд  тавьсан байлаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “бие халаалт”

 

АН-ын даргад нэр дэвшигчдээс олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртсөн эрхэм бол Н.Алтанхуяг.  Ерөнхий сайдын болон АН-ын даргын суудлаасаа огцорсон тэрбээр ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Атал АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж байгааг нь нийгэм  хүлээж авсангүй.  Тэгээд ч АН-ын даргаар сонгогдсон эрхэм  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн шийдлийг намын Их хурлаас нь гаргасан юм билээ. Учир нь АН-ын дарга  2020 оны хүртэл намаа удирдаж, шинэ зохион байгуулалтад оруулан, УИХ-ын сонгуульд ялуулах үүрэг хүлээнэ.

 

Харин Н.Алтанхуягийн тухайд АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа нь түүний хувийн тоглолт гэж  ажиглагчид үзэж байна. Тэрбээр  намын даргын сунгаанд явж байгаад дундаас нь нэрээ татах зорилго агуулсан.  Учир нь тэрбээр намын даргад УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбатыг дэмжин оролцож байгаа юм билээ. Ингэхдээ, Д.Эрдэнэбат намын даргаар сонгогдвол түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх  тохироо бүрдэнэ.  Нөгөө  талаас 21 аймагт  нэр дэвшигчидтэй хамтран явж,  хүсээд байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны “бие халаалт” хийж, олон нийтийн уур амьсгалыг тандаад авах давхар мэх агуулж байгаатай ч холбоотой.

 

Шинэчлэлд зүтгэх хуучинхүү

 

2016 оны УИХ-ын сонгуульд АН цөөн суудал авч, ялагдсанаас хойш намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Эрдэнэбат ажиллаж, орон нутгийн сонгуульд намаа удирдан авч орсон. Н.Алтанхуягийг намын дарга байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. “Алтангадас”-ынх биш ч Н.Алтанхуягийн баруун гар болж чадсан эрхэм бол Д.Эрдэнэбат. Өмнөх 2012 оны сонгуульд  АН-ыг дараалан ялалт байгуулахад  намын дотоод аппаратыг барьж байсан Д.Эрдэнэбатын үүрэг, нөлөө их гэж ажиглагчид ярьдаг. Гэхдээ шинэчлэл хийж, шинэ удирдлага хүлээж байгаа АН-ын гишүүдийн хийгээд нийгмийн хувьд ч Д.Эрдэнэбат  шинэ  хүн биш. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэгтэй агаар нэгэн.

 

Санал сарниулах төрөлх араншин

 

Харин нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд нийслэлийн АН-ын хороог олон жил тэргүүлсэн. Нийслэл, тэр дундаа Баянгол дүүргийг өөрийн “Вант улс”-аар овоглуулж чадсан эрхэм.  Хэдийгээр АН-ын партизануудын нэг ч  нгөрсөн хугацаанд  тэрбээр АН-д гүйцэтгэгч байснаас шийдвэр гаргагчийн хэмжээнд  байгаагүй.  Тиймээс С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдлоо гэхэд өөрийнхөө багийг бүрдүүлж,  партизануудтай ойлголцож, залуучуудаа дэмжээд, фракцуудын амбицийг дарж чадах  талтай гэж олон нийт харж байна лээ. Улс төрийн циклийн хувьд ч тэрбээр ирэх дөрвөн жил АН-ыг эмх замбараагүй байдлыг цэгцэлж, журамлаад 2020 оны сонгуульд ялалт байгуулж чадвал түүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байгаа. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбатаас ялгаатай нь түүнийг Баянголынхон бүхэлдээ, нийслэлийн фракцын олонх нийтээрээ дэмжих давуу тал бий, уг нь. Гэхдээ дутагдалгүй хүн үгүй гэгчээр  журмын нөхдөө өөрөөсөө түлхэн, зугатаахад хүргэдэг түүний төрөлх авир, намын даргын санал цуглуулахад садаа болох талтай. Уг нь ч цахим бүртгэлийг харахад   АН-ын  даргын сонгуулийн санал хураалтад  нийслэлийнхэн түлхүү оролцохоор юм билээ.

 

Мэхт мэхэндээ болчихгүй бол

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд  АН-ын унаган гишүүн бус. Тэрбээр  “Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн”-ий Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, эрх баригчдын  үйл ажиллагааг шүүмжлэн, жагсаал цуглаан хийж, Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэж олны анхаарлын төвд орж байлаа. Цаашлаад Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, даргаар нь сонгогдон парламентын сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээж, тэр жилдээ АН-д хадаг барьсан залуусын нэг. УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа ч намын бодлогоо бус хувийн амбицаа тэргүүнд тавьдаг чөдөргүй эрхэм.  Гэхдээ үүгээр нь түүнийг буруутгах  үндэслэлгүй ч  намын дарга гэдэг бодлогоо бусдадаа уриалж, нэгтгэж зангидахаас бус  ийш тийшээ үсчиж болохгүйг АН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ямартаа л түүнийг нэр дэвших сургаар УИХ-ын экс гишүүн Х.Тэмүүжин “Ахыгаа Төрийн нарийн бичгийн дарга болгох гэж МАН-тай хамтарч Засгаа унагааж байсан хүн АН-ын дарга болчихвол  Засгийн газарт орох гэж намаа зарж ч мэднэ” хэмээн жиргэж байх билээ.  Улстөрчийг төдийгүй хүнийг үг нь бус үйлдэл нь таниулдаг. АН-ын даргад нэр дэвшигч эрхмүүдээс шинэ залуу улстөрч гэж цоллуулж байгаа ч намынхаа төдийгүй олны итгэлийг хүлээж чадаагүй Ж.Батзандангийн хувьд С.Эрдэнийн талд “ажиллаж”  байгаа гэсэн бор шувуу нисч байна. АН-ын гишүүд дэмжигчдийн олонхийн саналыг авч чадахгүй гэдгээ Ж.Батзандан тааварлаж байгаа хэдий ч зүгээр суухаар зүлгэж суу гэгчээр намын даргад нэр дэвшиж олон нийтний өмнө гарч  карьераа өсгөж,  бүлгийн дарга С.Эрдэнэтэй тохироо хийж,  давааны цаадхыг харах давхар  санаа агуулсан бололтой, мэхт мэхэндээ болчихгүй бол.  

 

Найдлага тавих эрс шинэчлэл

 

 АН-ын даргад нэр дэвшигчдээс хувийн карьеар,  улстөрчийн  хат, мэдлэг боловсрол, фракцид талцаагүй, ид насны,  нэр цэвэр  эрхэм бол Лу.Гантөмөр.  Тэрбээр “Эрс шинэчлэлийг Үнэндээ,  шинэчлэл хийхээр зорьж байгаа АН-ын даргад түүний үеийнхнийг нэр дэвших байх гэж ажиглагчид харж байсан.  Энэ нь Х.Тэмүүжин, М.Батчимэг, Б.Болор гээд л АН-ын нэгэн үеийн залуус.  Өнөөдөр тэд хийж бүтээх, удирдах ид насандаа яваа. Тиймээс ч залуучууд нь нэр дэвшвэл шинэчлэл үргэлжилж байна гэж харж болохоор байлаа. Басхүү намын даргын сунгаа ч жинхэнэ утгаараа ширүүхэн өрсөлдөөн дунд өрнөх байсан биз. Лу.Гантөмөрийн тухайд АН-ыг алсын хараатай, үнэт зүйл, үзэл бодолдоо үнэнч, хариуцлагатай, эв нэгдэлтэй, гишүүдээ сонсдог, нээлттэй, бодлогын бас гишүүдийн нам болгох төлөвлөгөө гаргасан байна лээ. Ирээдүйн Монгол улсаа өв уламжлал, ёс заншлаа мэдэж дээдэлдэг, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй, бие даасан, ажилсаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжтай бүтээлч, эрх чөлөөт иргэдтэй, цэвэр чөлөөт зах зээлийн том эдийн засагтай, мэдлэгийн нийгмийг бүрдүүлсэн, жинхэнэ Ардчилсан орон болгох хүсэл, зорилго, цогц бодлого, эрч хүч, туршлага бас байгаа гэдгээ онцолж байсан. Хувийн эрх ашигт дулдуйдаж, дарга тойрсон фракц, бүлэглэлүүдэд биш нэгэн тугийн дор үзэл бодлоороо нэгдсэн Ардчилсан намын зорилго, алсын хараа бол дөрвөн жилийн дараа зөвхөн сонгуульд ялаад зогсохгүй дөчин жилийн дараах оюун ухаант иргэдийн эрх чөлөөтэй, эрүүл нийгэмтэй,дэлхийд өрсөлдөх Монгол улс байлгахаар зорьжээ. Түүний мөрийн хөтөлбөр АН-ынханд хүрсэн эсэхээс үл хамаарч, хувь хүн өөрөө гишүүд дэмжигчдийнхээ саналыг авч чадах уу гэдэг эргэлзээтэй. Олон нийт дэмжиж байсан  ч санал хураалтын дүн эцсийн шийд. Учир нь АН-ын гишүүд фракцын төлөөллөө дэмжих үү, итгэл үнэмшлээрээ саналаа өгч, шинэчлэлээ үргэлжлүүлэх үү.

 

Ямартай ч АН-ын даргад нэр дэвшигдчийн сунгаа хүч тэнцвэргүй, фракцуудын тохироотой үргэлжилж байна. АН-д шинэчлэл хийгдэх эсэхийг Их хурлынх нь өнгөнөөс бус  намын даргад нэр дэвшигчдийн, цаашлаад  хэн нь ялснаар  тодорхойлогдоно.  Хуучин сценари шинэчлэлд садаа болдог. Ямартай ч АН-ын даргын сунгаа цаашид хэрхэн өрнөхийг шинэ оноо угтахтай зэрэгцээд хараад байж дээ, бүгдээрээ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene teneguudiig hardaa YAMAR HOSHIN YUM, BE GARTAA NUM SUM BARITSAN HAHAHAAHAH ODOO ENE ATGASAN SUM SHIG .... HAHAHAHAHAHAHAHAH BI ODOO HOSHIN SHOG UZEED BNUU
2017-01-01
Зочин:
Erdenebat arai iluu l dee
2016-12-29
Elbegdorj bichsen uu?:
Elbegdorjiin Gantumuriig demjenigen yum buz dee?
2016-12-28
Монголмаа:
Батзандан биш бол яахав дээ их д хүн муутай хүн шүү улсыг минь ч зараж мэднэ бүх юм шал худалаа нэг л их хөмөсгөө зангидсан хүн
2016-12-28
Зочин:
Zi ene hediigee numgui sumaar huurahaa mednee.
2016-12-28
а:
та нар ч дээ сайхан ярьж ард түмнийг элгээр нь хэвтүүлсэндээ энэ хүнтэн хямрал нөмөрсөн харих өвөл юу даргын сунгаа яаж зүрхлэнэ вэ наана чинь хөдөөд зуд хотод утаа мөнгөгүй ажилгүйдэл орлоггүй зудыг ард түмэн давж гарах гээд зүдэрч явна даа хөөрхий.............................................
2016-12-28
Иргэн:
АН-ын 5 хонгиогүй сумтай 5 хулгарууд. Шоронгийн атмаан хулгар Эрдэнэ, Худалч хулгар Эрдэнэбат, Хулгайч хулгар Алтанхуяг, Гудамжны чанга яригч Батзандан, Аялдан дагагч арчаагүй хулгар Гантөмөр.
2016-12-28
ZOCHIN:
END BICHSENEER OILGOHOD ZOVHON CHINII L BODOL BIZDEE.TARHI CHINI HATCHIHSAN BAINADAA HOORHII. BI BODOHDOO ALIVAAG ERUULEER ,SHINEER HARDAG UCHIR BATZANDANG SONGONO.GEHDEE EGEL GISHUUD L SONGOOSOIDOO.
2016-12-28