Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа
2016-12-28

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.12.28 Лхагва гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 45 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газраас зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар танилцуулав.

 

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах горимын санал гаргасан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд тус горимын саналыг дэмжсэнээр үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

УИХ-ын тогтоолын төслийг батлав

 

“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав.

 

 

Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн байсангүй. Ингэснээр зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж дууссаны дараа Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар дэмжсэнээр “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдан, эцсийн найруулгыг сонссон юм.

 

 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

 

Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.

 

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хамтран Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийх явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаар явуулж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна.

 

 

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаан оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 64.8 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 81.1 хувийн саналаар хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

 

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор 2016 оны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаа өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
hogjilgui bank:
76 yaj chadahiin yaj ch chadahgui bj bas ulinaaa kkkkkk
2016-12-29