Тусдаа хууль батлагдвал төөрч будилах зүйл гарахгүй
2017-01-03

Гэрэл зургийг MPA.mn Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг  100 хувийн саналаар дэмжсэн. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны  дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинээр ямар заалт орсон бол?

 

-Нэгдсэн хуулинд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсан. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан тал бий. Энэхүү заалтыг хуулийн төсөлд нэмж оруулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа хүмүүсийг болохоор бүртгэнэ, гэтэл хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй, хуулинд цоорхой үүссэн байсан.

 

Нэгдсэн хуулинд товлон зарлах, санал авах өдрийг тогтоохын тулд хоёр тусдаа хийж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоодог. Дахин хуралдаж санал авах өдрөө тогтоодог байсныг өөрчилж, нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байхаар өөрчлөлт оруулсан.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг ямар үндэслэлээр гаргах болсон бэ?

 

-Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаа. 2015 онд УИХ-аар Сонгуулийн нэгдсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байх үед “УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахыг дэмжих боломжгүй” гэдэг саналаа тухайн үеийн ажлын хэсэгт хүргүүлж байсан. Харамсалтай нь,  бидний саналыг хүлээн авалгүй баталсан. Нэгдсэн хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл гарсан. Учир нь Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гэсэн гурван сонгууль явж байгаа. Гэтэл нэгдсэн хуулиар сонгуулийг зохион байгуулснаар зарим заалтууд дээр будилах явдал өнгөрсөн сонгуулиар гарч байсан. Тиймээс СЕХ өнгөрсөн сонгуулийн явцад будилж төөрөлдсөн асуудлууд дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж ирлээ.

 

Одоо тусдаа хууль гарахаар төөрч будилах явдал гарахгүй. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд сонгуультай холбоотой саналыг СЕХ гаргаж, УИХ-д хүргүүлнэ гэсэн заалттай. Мөн УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд нар энэхүү төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. СЕХ ч саналаа хүргүүлсэн.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зөвхөн МАН хүнээ нэр дэвшүүлнэ, мөн УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн зөрүүтэй мэдээлэл гарч байна. Энэ талаар?

 

-УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн заалт байхгүй. Энэ нь Үндсэн хуулиараа боломжгүй. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар зааж өгсөн. Үүнийг энэ хуулиар биш Үндсэн хуулиар заагаад өгсөн.  Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гээд заачихсан байдаг юм.

 

-Бие даагч гишүүн С.Жавхлан парламентад суудалгүй намд элсвэл тухайн улс төрийн хүчин Ерөнхийлөгчид хүнээ дэвшүүлэх боломж бүрдэх үү?

 

-Энэ нь болохгүй гэдгийг Улсын дээд шүүх тайлбарлачихсан байдаг.

 

-МАХН-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчинө гэсэн. Тухайлбал, “эх орондоо 5-аас доошгүй жил оршин суусан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэх мэт заалт нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэж тайлбарлалаа. Үүнд ямар тайлбар хийх бол?

 

-Тийм зүйл заалт байхгүй. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёрт, “Ерөнхийлөгчид 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гээд заачихсан. Энэ бол тодорхой байгаа биз дээ. Үүнийг л Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хийж өгсөн.

 

-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг хуульдаа оруулаагүйгээс өнгөрсөн жил нэлээн дуулиан тарьж байсан. Одоогийн энэ хуульд таваас доошгүй сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж зааж байна уу?

 

-2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн тайлан манайд ирсэн. Сонгууль товлон зарласнаас хойш Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ийм учраас үүнийгээ засаж хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Тэр зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийг хэзээ товлож байгаа вэ?

 

-Хэзээ товлох нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдвал сонгуулиа товлоно.

 

-Нэр дэвшигчийг хэзээ зарлах вэ?

 

-Хууль батлагдахаар илүү тодорхой болно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Худлаа:
Худлаа баахан хууль хэндч хэрэггуй
2017-01-03
Зочин:
Bogs huul
2017-01-03