Мал, малчин хоёроо анхаарч ажиллана
2017-01-09

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай ярилцлаа.

 

-Танай аймагт өвөлжилтийн байдал ямархуу байна вэ?

 

-Ер нь хүндэрч болзошгүй талдаа байгаа шүү. Өнгө өнгийн зуд болж болзошгүй. Энэ юу хэлээд байна вэ гэвэл хойд талын Баян-Адарга, Дадал, Баян-Овоо, Батноров, Норовлин сумын нутаг цас ихтэй цасны зузаан нь 15-30 см байна. Ийм газруудад цагаан зудын аюул тун ойрхон байна. Тэгвэл Галшар, Бор-Өндөр, Дархан зэрэг сумын нутагт хараар зудалж мэдэх дүр төрх ажиглагдаж байгаа гэж болно. Өмнө талын сумдаас Дэлгэрхаан, Жаргалтхаан бас л цастай хүндэвтэр байна. Цаг агаарын байдал тогтворгүй цас хайлмагтах өдөр байгаагаас бас хааяа цас бага багаар орж бэлчээргүйдэх эхлэл харагдаж байна. Иймээс аймгийн онцгой комиссын хурлаар зуд бо­ло­ход гамшгаас хам­гаа­лах арга хэмжээний төлөвлөгөө гаргаад байгаа юм.

 

-Байдал хүндхэн сумд байгаа гэж байна. Тэдгээр суманд мал хэр зутарч байгаа бол...?

 

-Одоогоор малын тарга тэвээрэг зутарсан юм гайгүй. Гэхдээ өвлийн улирал яагаач үгүй, цаана нь хавар хүлээж байна. Иймд малаа муудахаас өмнө тэжээж тордох зөв гэсэн бодлого барьж байгаа. Үүний тулд нөөцөлсөн өвс, тэжээлээ зөв байршуулах, зам харгуй гайгүй цагт малчдад хүргэх өвс тэжээлийг өвөлжөөнд нь татах ажлыг эхлүүлсэн. Мөн цас ихтэй газруудад бэлчээр гаргах зориулалттай цас хагалагч дальпуу хийх, ашиглахыг зөвлөж байна. Боломжтой байгууллагууд ийм төхөөрөмж хийж малчдад өгөхөөр болсон. Дальпуу хэрэглэхэд шатахуун их зарцуулдаг тал бий. Үүнийг бодолцож аймгийн төвийн албан байгууллагуудад малчдад шатахуунаар туслах хөдөлгөөн өрнүүлж байна.

 

-Танай аймгаас өөр аймаг, сумын нутагт өвөлжиж байгаа мал, малчид олон уу?

 

-Өөр аймаг, сумын нутагт өвөлжиж байгаа нь тун цөөхөн. Сүхбаатарын Мөнххаан болон Төв аймгийн нутагт тав, гурван хот айл өвөлжиж байна. Аймгийн хэмжээнд 3.5 сая мал өвөлжиж, хаваржина. Энэ зураглалыг бүрэн хийсэн байгаа. Одоо 7084 малчин өрх өвөлжөөндөө тухлаад байгаа. Нөгөө талаар аймаг, сумаас тусламж харах биш малчид өөрсдөө бэлтгэлээ улам чамбайруулахад анхаарч байна.

 

Батноров, Норовлин, Цэнхэрмандал зэрэг сумын малчид мах, цагаан идээгээ төв, суурин газар руу зөөж борлуулаад оронд  нь малын өвс, тэжээл татаж авч байгаа юм. Аймгийн зүгээс цагийн байдлын үнэлгээндээ түшиглэн Засгийн газарт хүсэлт тавьсаны дагуу 100 сая төгрөг шийдэж өгсөн. Үүнийг бид зөвхөн өвс, тэжээл нэмж авах, хужир шүү татаж авахад зориулж байгаа.

 

Улсын нөөцөөс авах өвс, тэжээлийг шаардлагатай газруудад тараан байрлуулах ажлыг зохион байгуулж эхэллээ. Манай аймагт улсын нөөцийн гурван салбар бий. Хэрлэнбаян-Улаан, Шар тал, Бэрх тосгонд гээд.

 

Эдгээр нөөцөөс 20-иод хувийг авах хүсэлтээ Засгийн газарт өгөөд байгаа.

 

-Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт байдал ямар байна вэ?

 

-Уг нутаг улсын хэмжээний отрын бүс нутаг. Иймээс Дундговь, Төв аймгийн голдуу малчид олноор ирж өвөлждөг. Гэтэл нөөц нутгийн маань бэлчээрийн даац хүрэлцэхгүйд хүрээд байна шүү дээ. Энд 193 мянган толгой мал өвөлжих боломжтой, Бэлчээр даац нь тийм. Гэтэл одоо хонин толгойд шилжүүлснээр бараг 300-гаад мянган толгой мал өвөлжиж байна. Иймээс цаашид нэмж оторчид авах боломжгүй байгаа юм. Энэ мэтээр өвөл, хаврын цагт хүн малаа эрсдлээс хамгаалах олон талын арга хэмжээ авч байна.

 

Энэ дашрамд лавлахад таныг ажлаа аваад аймаг орныхоо эдийн засгийн байдлыг эрүүлжүүлэх тал дээр ажлын аятайхан арга барилыг нэвтрүүлж байгаа тухай сонссон юм байна?

 

-Бид аймгийнхаа эдийн засгийн хүндрэлийг давахын тул хэмнэлтийг урьдал болгож байгаа. Үр ашиггүйгээр хөрөнгө, мөнгө зарцуулах явдлыг зогсоох зарим арга хэмжээ авч байна. Заримаас нь хэлбэл аймгийн 10-аад албан газрын дарга том оврын жийп машин унадаг юм. Үүнийг хязгаарлаж бензин тос бага хэрэглэдэг жижиг машин ашиглуулж байна. Сүүлийн сард гэхэд өмнөх сард хэрэглэсэн шатахууны хэмжээ хоёр дахин багассан үзүүлэлт харагдсан. Мөн төрийн байгууллагын удирдах хүмүүс утасныхаа төлбөрийг төсвөөс төлүүлдэг байсныг болиуллаа. Үүнийг би өөрөөсөө эхэлсэн. Аймгийн дарга гээд онцгойрч болохгүй. Бидний нэг ололт аймаг маань өргүйгээр шинэ онтойгоо золголоо. Энэ том ололт.

 

Эх сжрвалж:polit.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Бат-Эрдэнэ аварга л гэхэд олон мянган малтай малчин ч гэж болохоор хүн юм билээ, сайн анхаарч ажиллаарай. Ийм нөхдийг ер нь яах ёстой вэ, хүн зараад өөрсдөө гэдсээ илээд хэвтээд байдаг, улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Тэгсэн хирнээ аймаар их малтай. Бас АПУ Батхүү байна, мянгат малчин, б
2017-01-09