Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ
2017-01-09

УИХ дахь АН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж  нар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт сонсох ёстой байсан. Гэвч ажлын хэсэг болон Хөгжлийн банкийг төлөөлөх чадамжтай албан тушаалтан хүрэлцэн ирээгүй. Өнөөдөр ч мөн адил чадамжтай төлөөлөл ирсэнгүй. Тиймээс Хөгжлийн банкны шалгалтын дүнг МАН-ынхан хоёр удаагийн сонгуулиар улс төрийн зорилготой ашигласан гэдэг нь харагдлаа. Ялангуяа Хөгжлийн банкийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж манай бүлэг үзсэн. Иймд дараагийн долоо хоногийн даваа гаригт дахин мэдээлэл хийх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Сонгуулийн тухай хуулийг салгаж Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан боловсруулж байгаа нь цаанаа учир шалтгаантай. Өөрөөр хэлбэл МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулж байж мэдэх юм. Энэ хуулийн төсөлд заасан УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байна. Тиймээс УИХ-д суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл дээр Ардчилсан нам завсарлага авсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан Олон улсын гэрээний тухай хуулиар нэлээд олон эрхийг Засгийн газар өөртөө авсан. Тодруулбал, олон улсын гэрээг УИХ-аар батлах ёстой. Гэтэл зарим гэрээг Засгийн газар дангаараа шийдэж батлах эрхтэй болсон. Үүний цаана томоохон ордыг шийдэх зорилго УИХ болон Засгийн газарт байна гэсэн хардлага төрүүлж байгаа юм хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Танай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ямар заалтыг эсэргүүцэж байгаа бол?


-Хуулинд техникийн чанартай өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж хууль санаачлагчид тайлбарласан. Бодит зөрчилтэй заалтыг өөрчилнө гэж байсан. Гэтэл өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж байна. 100 –гаад зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. УИХ дээр нэлээн том ажлын хэсэг гараад өнгөрсөн бямба гаригт анхны хуралдаанаа хийсэн. Өнөөдөр хоёр дахь хуралдаанаа хийнэ. Энэ хурал дээр бид байр, сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх ашгийн зөрчилгүй байх ёстой юм. Гэтэл өнөөдөр энэ хуулийг өргөн барьж байгаа хүмүүс болон хэлэлцэж байгаа байнгын хороо, УИХ-ын удирдлагууд бүгд эрх ашгийн зөрчилтэй байгаа. УИХ-д суудалтай намуудын талаар одоогийн хүчин төгөлдөр хуулийн дагуу цоо шинэ тогтолцоог оруулж ирсэн. Өмнө нь пропорционалиар санал хурааж байсан. Одоогийн шинэ хуулиар бүх гишүүдийг ард иргэдээс шууд сонгож байгаа.

 

УИХ-д суудалтай нам гэдэг Үндсэн хуулийн тайлбарыг шинэ хуулийн хүчин төгөлдөр хуулинд байхгүй болсон. Өнөөдөр энэ хуулинд дахин өмнөх хуулинд мөрдөж байсан УИХ-д суудалтай нам гэдэг бол тухайн нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн бүхний нам, эвсэл гээд Үндсэн хуулиндаа тайлбар хийсэн заалт орчихоод байна. Үүнийг аль нэг нам хууль, санаачлагч гишүүн бус Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсэн нөхцөлд шийдэх ёстой. Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулиа буруу хэрэглэж ирсэн. УИХ-ын дурын гишүүн дуртай үедээ Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьдаг нь УИХ-ын чуулганы хугацаанд маш их хугацаа авдаг болсон.

 

Цэцийн маш тодорхой шийдвэр гарч Засгийн газрын гишүүнийг өөрчлөх асуудал Ерөнхий сайдаас л эх үүсвэртэй байх ёстой гэдэг. Үүнтэй адил УИХ-д суудалтай намын цаад эх үүсвэрийг маш тодорхой болгох ёстой. С.Жавхлан гишүүн өнөөдөр нам байгуулах юм уу эсвэл намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу гэдэг эрхийг өмнөх хууль шигээ хязгаарлах уу шинэ сонгуулийн тогтолцооныхоо дагуу хязгаарлахуу гэх мэт маш олон асуудал байна. МАХН өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө нэр дэвшигчтэй холбогдуулан тодорхой заалтуудыг ярьж байгаа. Энэ бүх асуудлыг тодорхой болгох ёстой. Дээр нь парламентад суудалгүй намуудын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байр, суурийг тодорхой болгох ёстой. Энэ талаар бид өргөн хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс уг хуулийг харилцан зөвшилцөж батлах шаардлагатай.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин