Улаанбаатар
“Царцааны нүүдэл” гэх хардлагаас болгоомжлов
2017-1-17

Хуулзүйн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар   Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байлаа.  Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцуулахад  гишүүн Ц.Нямдорж дээрх  хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дөхөж байна. Одоо энэ хуулийг хэлэлцвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой гэж тайлбарлан, улс төржүүлэх хүмүүс олон байгаа. Иймд  энэ хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг энэ чуулганаар хэлэлцүүлэхгүй, хойшлуулах хэрэгтэй” хэмээлээ.  Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Засгийн газраас дээрх хуулийн төслүүдийг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамтатган  өргөн мэдүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулийг боловсруулж амжаагүй байгаа юм. Тиймээс  эхний гурван хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.  Дөрөв дэх хуулийн төслийг  боловсруулж, Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа хамтад нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв.

 

Ц.Нямдорж гишүүний гаргасан саналын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжлээ. Тиймээс  дээрх   хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг  тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

 

Дараагаар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч зарим зүйл заалтад давхардсан асуудал гарчээ.  Жишээ  нь  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулсан байна. Дээрх зөрчлийн улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 4900 орчим иргэнд хариуцлага ногдуулж чадаагүй байна. Тиймээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг торгох шийтгэл байхаар тусгажээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар төсөлд тусгасан байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн  чуулганы хуралдаанд танилцуулахаар гишүүдийн олонхи дэмжив.

 

Тус байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Уг хуулийн төслийг батлагдсанаар цагдаагийн алба хаагч, иргэдийн хамтын ажиллагаа, харилцаанд дэвшил гарч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж, алба хаагчийн цалин хөлс урамшуулал сайжрах юм байна.  Учир нь өнөөдөр  хүчин төгөлдөр мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгажээ . Энэ нь  Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хуулиуд нь одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагддаг байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулсан юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?  Алба хаагчдад цол олгох асуудлыг ямар зарчмаар явуулж байна.

 

-Одоо мөрдөгдөж байгаа хуулийн төсөлд цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах асуудал орхигдсон байсан. Шинэчилсэн найруулгын төсөлд  алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг нарийн тусгасан. Албан тушаалын томилгоотой холбоотой цол олгодог байсныг уламжлалт буюу мэдлэг, ур чадвар, амжилт зэргийг харгалзан тодорхой хугацаатай олгодог болгохоор заасан. Тухайлбал, Ахлагч цолыг дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласан дэд ахлагчид олгоно. Ахлагчаас  ахлах ахлагч болоход мөн дөрвөн жилийн хугацаатай.  Дэслэгчээс Ахлах дэслэгч болоход гурван жил болно. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд:

 

-Орон нутгийн цагдаагийн алба хаагчдын хянах газар, үйл ажиллагааны талбар том байдаг. Тиймээс тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, шатахуун зэргээр бүрэн хангах хэрэгтэй шүү хэмээн санал хэлэв.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжив.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин