Халуун хоол, буцалсан усанд 2525 хүүхэд түлэгджээ
2017-01-19

 

Засгийн газрын тогтоолоор “Осол гэмтлээс сэргийлэх өдөр”-ийг жил бүрийн нэгдүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” уриатай нэг сарын аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн  эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Манай улсын хүн амын нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. 2016 оны байдлаар ГССҮТ-д түлэгдэлтийн улмаас нийт 4059 иргэн үйлчлүүлжээ. Яаралтай тусламж авсан хүний 62.2 хувь нь буюу 2525 тав хүртэлх насны хүүхдүүд байна. Энэхүү статистик мэдээнээс бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт  болоод буйг харж болохоор юм.

 

ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар энджээ. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна.

 

Гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүд ихэвчлэн түлэгдэлд өртдөг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна.  Энэ талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай улс 100 мянган хүн амд ногдох түлэгдлийн хэмжээгээр олон улсад нэлээд дээгүүр бичигддэг. Харин хүүхдийн түлэгдлийн шалтгаан хоёрдугаарт бичигдэж байна.Халуун тогоо, буцалсан ус зэрэгт  0-5 насны хүүхэд ихэвчлэн түлэгдэж байгаа. Нас баралтын шалтгаан нь халуун тогоо юм. Халуун тогоог гэр хороололд амьдардаг буюу эмзэг бүлгийн хүмүүс хэрэглэдэг. Тиймээс зорилтот бүлэг буюу эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт судалгаа явуулах тал дээр манай эмнэлгээс анхаарал хандуулж ажиллах болно” хэмээв.

 

Нийслэлийн онцгой байдлын газраас энэхүү аяны хүрээнд бага насны хүүхдийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж тодорхой ажлуудыг зохион байгуулж буй юм байна.

 

Энэ талаар НОБГ-ын ГТТХ-ийн дарга Н.Нямхорлоо  “Өнгөрсөн онд гал түймрийн 2950 дуудлага ирсэн. Энэ дуудлагаас зөвхөн гал түймэрт өртөж нас барсан 13 хүний зургаа нь бага насны хүүхэд байгаа юм. Он гарахаас өмнө Хан-Уул дүүрэгт  гурван бага насны хүүхэд гал түймэрт өртөж нас барсан. Гал түймрийн улмаас нас барсан хүүхдийн тоо жилийн жилд буурахгүй байна. Эцэг,  эхийн хараа хяналт муу байгаа нь үүнд нөлөөлж байгаа юм. Иймд эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээнд нэгдэж ажиллаж байна” гэв.

 

“Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” аяныг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 28-ныг хүртэл 21 аймаг бүх сум, Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин