Эгэл өмгөөлөгч
2017-01-13

 

2012 он гуравдугаар сард хуулийнхантай халз мэтгэлцээн зохион байгуулна гэж “дөвчигнөж” явсан нөхөр шүү дээ тэр. Шүүхийн өөдөөс хэн ч ингэж омгорхуу аяглах боломж, нөхцөлгүй нийгэмд бид амьдарч байна. Учир нь тэдний алх тогшиж шийдвэрлэсэн бүхний эсрэг хэн ч юу гэж ч тэрсэлдээд тусыг эс олдог болсон цаг.

 

Х.Бат-Ялалт гэх шавилхан бор хүү, АНУ-д хуулийн чиглэлээр магистр хамгаалсан. Магистр хамгаалснаасаа хойш “Иргэдийн шударга шүүх” ТББ-ыг үүсгэн байгуулж, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ирсэн.  Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэрбээр 8000 орчим иргэнд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, олон хүний гомдлын “мөртэй” нулимсыг арчилцсан эгэл өмгөөлөгч. Шударга үнэний төлөө 10 жил зорьж, эгэл ардын бор, саарал хоног өдрүүдийг хамт хуваалцаж явсных нь хувьд түүнийг энэ удаад иргэн л гэе.

 

Зовж зүдэрсэн ард иргэдэд тусалсных нь төлөө түүнийг 2008 онд эрүүгийн хэрэг үүсгэн дөрвөн сар хорьж байсан удаатай. Гэвч хүчтэй, мөнгөтэй талаас айлгүйгээр шударга үнэний талд Х.Бат-Ялалт зогссон. Зогссоор ч буй. Би энэ хүнийг харах бүртээ хүнлэг сэтгэл яагаад заавал хүчгүйд нь байдаг юм бол гэж халаглахад хүрдэг. Тэр үнэхээр л чин сэтгэлээсээ бусдад туслахсан, үнэний талд бат зогсохсон гэж зорьж ирсэн. Атал шүүх хүчтэй, хууль “сүр жавхлантай” юм.

 

Тун саяханы жишээ дурдъя. Нэг ээж хэвлэлд нулимстай ярилцлага өгч байна. Арга ядахдаа л хүн хэвлэлд хандаж, ард иргэдээс тусламж хүсдэг дээ. Хүү нь жирийн л нэг пиццаны үйлдвэрийн түгээгч байж. Өнгөрсөн оны долоодугаар сард ажлаа хийгээд явж байхад нь урсгал сөрсөн жийп машины жолооч хүүгийнх нь амь насыг хохироожээ. Хэрэг явдлыг харсан гэрч уг машины 100 хувь буруу гэдгийг нотолж, замын хажуугийн хяналтын камерт  жийп машины жолоочийн болчимгүй үйлдэл бичигдсэн атал шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, үхсэний хохь болгосон тухай ярьж байна лээ. Чухамдаа хүү жирийн л ажилчин анги, жийп машины жолооч хувийн компанийн “хурган” дарга байсандаа шүүхийн шийдвэр ингэж гарсан гэдгийг ээж нь нуугаагүй. Ингээд л нэг ижий хэн нэгний буруутай үйлдлээс болж сэтгэл баахан хямарч суугаа.

 

Шүүхийн энэ шийдвэрт хэн хариуцлага хүлээх, үнэн мөнийг нь хэн тогтоож өгөх...Энэ бүхэнд хариулт олдохгүй нь дамжиггүй. Учир нь шүүх хүчтэй, эрх мэдэлтэй. Харин иргэд  тэдний хувьд хэн ч биш. Энэ бол төрийн хяналт, хариуцлага алдагдсаных. Төр үргэлж албатуудаа “давраасаар” ирсний гай энэ.

 

Гэвч бид төрд хяналт тавих боломж байна. Энэхүү боломжийн төлөө, шударга үнэний эрэлд сүүлийн 10 жил  сэтгэл юугаан чилээж тэмцэж ирсэн хүний нэг  бол Х.Бат-Ялалт юм. 

 

Тэрбээр хүний эрхийн онол, нийгмийн хөгжлийн үе шатууд, хуйвалдахын эсрэг тунхаглал,  хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр,  засаглал хуваах тэгш хэмийн онолыг  зохиож, түүнээ хэрэгжүүлэхээр санаа шулуудан, зорьж байгаа  эгэл өмгөөлөгч. Өнгөрсөн хугацаанд хүний эрх зөрчигдөж байгаа үндсэн шалтгаан нөхцлүүдийг арилгах зорилгоор   олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж иржээ. Тухайлбал “Шүүхийг шүүе”,  “Яагаад болохгүй гэж”, “Бодит нийгэм цуглаанууд”,  “Хуульчдын зөвлөгөөн 1, 2, 3” ,  “Монгол хүний үнэ цэнэ”, “Хүний эрх эрх чөлөө” хэлэлцүүлгүүд , “Эв нэгдлийн гүйлт”, “Эв нэгдлийн чуулган”,  “Хүсэл зорилгоо нэгтгэе” урлагийн тоглолтууд гэхчилэн арга хэмжээг зохион байгуулжээ.

 

Энэ бүгдээс түүний чин хүслэн болсон зүйл нь Засаглал хуваах тэгш хэмийн онол. Энэ нь ердөө л хуулийн өмнө хүн бүгд тэгш эрхтэй байх зарчим юм.

 

Социалист нийгмийн үед ардын их хурлыг хянан шалгах хороо гэж байсан. Тэрхүү хороогоор дамжуулан хяналт шалгалт хийж, хариуцлага алдсан хэнд ч хуулийн хариуцлага хүлээлгэдэг байсан юмдаг. Тэнд л жинхэнэ Засаглалын тэгш хэмийн онол үйлчилж байсан гэлтэй. Харин тэр хяналт ардчилал гэх нэрэн дор үгүй болсноор шударга бус байдал бий болж хүн, ард хүчгүй мөнгөгүйгээсээ болоод шүүх байгууллагад үргэлж ялагдаж, өнөөгийн нийгэм шударга бусаар дүүрсэн.

 

Сүүлийн 25 жил Монгол улсад Төрийн дотоод хяналтыг устгасан учраас төрийн мөнгийг хулгайлах, Улс төрийн бүлэглэл, бизнесийн бүлэглэл бий болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Сонгууль болохоор л нэг нэгнийхээ булхайг илчилдэг, тэгсэн атлаа хариуцлага хүлээхийн цагт хоорондоо хуйвалддаг эдийн засгийн бүлэглэл бий болж. Үүнээс болж нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт бий болж нийт хүн амын нэг хэсэг нь хэт ядуу, нөгөө нь “задарсан” баян амьдарч байгаа нь өнөөгийн нийгмийн нүцгэн үнэн гэлтэй.

 

Улсыг хэдэн тэрбумаар нь хохироосон оффшор бүсэд хаустай эрх мэдэлтэн шүүхийн өмнө хариуцлага хүлээдэггүй. Атал гэмгүй цагаахнаасаа алдсан нэгэн олон жилийн ялж сонсдог нь өнөөгийн нийгмийн бас нэгэн дүр төрх болжээ.

 

Энэ бүгдээс улбаалан Х.Бат-Ялалт залуу хүний дэврүүн мөрөөдөл, цээжиндээ багтаж ядсан омгорхолоор “Би шударга үнэний эрэлд тууштай тэмцэнэ” гэж 10 жил өөдөө тэмүүлж ирсэн. Үүнийх нь төлөө би түүнийг үнэлдэг юм.

 

Шударга үнэний дуу хоолой болж, шударга эрх тэгш нийгмийг цогцлоохоор зорьж байгаа түүний өнгөрсөн 10 жилийн амьдрал хий хоосон өнгөөрөөгүй. Цаашдын тэмцэл нь ч улам хурцлагдаж, иргэдийн хүсч  байгаа, бид бүгдийн мөрөөддөг тэр нийгмийн төлөө энэ хүн зорьсон зорилгоосоо ухрахгүй биз ээ.

 

Шууд.мн сайтын сэтгүүлч

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хуульчийн эрх ч аваагүй хүнийг өмгөөлөгч гээд байхдаа яахав дээ
2019-11-20