Худал мэдээлэл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ
2017-01-23

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Төрийн албаны тухай хууль мөн нэр бүхий гишүүдийн боловсруулсан хууль байгаа аж. Бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-МАН-ын бүлэг улс төрийн бусад намууд болон Төрийн албан зөвлөлтэй ярьж байж Төрийн албаны тухай хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн. Зургаа, долоон удаагийн сонгуулийн үр дүнг харж байхад сонгуулийн дараа төрийн алба тогтворгүй болж байна гэдэгт хүн бүхэн санал нийлдэг. Тийм учраас төрийн албыг тогтвор суурьшилтай байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна” хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Давосын эдийн засгийн чуулган боллоо. Энэ чуулган дээр Монгол Улс санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн улс төрийн тогтворгүй орнуудын жагсаалтын аман хүзүүнд байна. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа ярьсан уу. Нүүрсний үнийг 71.5 ам.доллар гэж хамгийн дээд ханшаар гэрээ байгуулж чадлаа гэж байна. Энэ нь манай эдийн засагт ямар ач холбогдолтой байх бол. Гэрээ байгуулахад үнийн асуудал ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Давосын чуулга уулзалтын талаар бүлгийн хуралдаан дээр тухайлан яригдаагүй. Энэ асуудал манай хувьд хүнд асуудал байгаа. Санхүүгийн хувьд бид өнөөдөр амаргүй байна. Гэхдээ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг УИХ-ын болон Засгийн газрын төвшинд хайж, ажиллаж байна. Гадаад улс орнуудтай банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тодорхой яриа хэлцэл хийж байгаа. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж, нааштай алхмууд гарч байгаа. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа улс төрөөс ангид, популист цуурхлаас ангид байлган, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг эдийн засгаа яаж тогтворжуулах талаар саналаа солилцоно.

 

Засгийн газар шийдвэр гарган Тавантолгойн ордоос гарч байгаа нүүрсний үнийг тендэр шалгаруулан тогтоож, 71.5 ам.доллараар тогтоосон юм билээ.  Өнөөдөр Тавантолгойн ордын төсөл хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Энэ үнийн дүн тодорхой төвшинд нөлөөлөхгүй болов уу. Засгийн газар өөрсдийн хувилбараа хэзээ оруулж ирэх асуудлаар ярилцсан. Ташаа мэдээлэл яваад байгаа учир асуудлыг оруулж ирэх саналыг Засгийн газартаа хэлсэн. Засгийн газрын зүгээс эхний ээлжинд манайтай хамтарч ажиллах Хятадын талтай зөвшилцөх зүйл байгаа гэдэг тайлбар хэлсэн.

 

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр буцааж авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлттэй танилцсан уу?

 

-УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Өнөөдөр бүлэг дээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал яригдаагүй. 49 хувийг шалгах тухай асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногт тэр ажлын хэсэг зарчмын дагуу байнгын хороон дээр танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна гэсэн байр суурьтай байгаа.

 

Иргэдэд хандаж хэлэхэд “Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон асуудлаар худал маягийн мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ худал асуудал манай гадаад дотоодын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бүлэг шийдвэр гаргаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаагаад авчих юм байна. “Тавантолгой”-н төслийг 400 сая ам.доллараар худалдчих юм байна гэдэг худал мэдээллийг түгээснээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Худал, хуурмаг мэдээллийг  явуулахгүй байхыг хүсч байна. Бид нэг эх орон, нэг эдийн засагтай. Тийм учраас эдийн засгаа зөв барьж, чиглүүлэх хэрэгтэй. Зөв бодлогыг сөрж худал мэдээлэл явуулбал ахиц гарахгүй өнгөрчих вий гэж иргэддээ болгоомжилж байна.  

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Одоо ойлгож байгаа юм уу Валютын нөөц хасах тэд боллоо Хөгшин хүмүүс нэгнийгээ үхээд өгөөсэй гэж бодно хамтын тэтгэвэр авахгүй Улсад нэг төгрөг ч алга гээд шаагаад байхаар тэгээд үнэн мэдээлэл үү Дампуурсан гарууд гэж гадны улс ойлгохоор мөнгө зээлэх хөрөнгө оруулах хүн байх уу
2017-01-24