Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталсан
2017-01-24

Гэрэл зургийг MPA.mn Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Сонгуулийн нэгдсэн хуульд цаг хугацааны хувьд зөрчилтэй, эргэлзээтэй олон заалт бий гэж байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

 

-Сонгуулийн нэгдсэн хуулинд алдаа дутагдалтай, засахаас аргагүй зөрчил олон бий гэдгийг хэлж байсан. Тийм учраас бид 2016 оны аравдугаар сард УИХ-д саналаа хүргүүлсэн юм. Хийх өөрчлөлтүүдийг нь ч саналдаа тусгасан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаасан нь  цаг хугацаандаа л хавчигдлаа.

 

Санал хураалт болохоос 120 хоногийн өмнө хийх ажил ч бий. Жишээлбэл, сонгуулийн хэсгээ байгуулна, сонгогчдын нэрсийн жагсаалтаа гаргахаар байгаа. Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээгээ тогтооно. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа буцааж, Ерөнхийлөгчийн сонгуулийн  дараа хуулиа дахиад хэлэлцэхээр болж, дэмжигдээд явлаа. Харин Сонгуулийн хуульд байгаа өөрчлөх шаардлагатай асуудлууд бол Ерөнийлөгчид нэр дэвших хүн сарын өмнө үнэмлэхээ авчихаад арав хоног байж байгаад сурталчилгаагаа хийнэ. Дунд нь 10 хоног гарч байгаа. Цэргийн албан хаагчдыг сонгогчдын нэрсийн жагсаалтад оруулах асуудал орхигдсон. Дахин сонгууль зохион байгуулах болбол хоёр хугацаа байгаа. Долоо хоног, 30 хоног гэсэн. Алийг нь сонгох юм. Энэ мэтчлэн зохицуулалт хийх ёстой асуудал олон бий.

 

-Сонгуулийн нэгдсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Жавхлан өөр намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу?

 

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг тодорхой заасан байдаг. 45 болон түүнээс дээш насныхан нэр дэвшинэ гэж. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ босгыг барьж байсан.

 

Хоёрдугаарт, Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн байна” гэж заасан.

 

Гуравдугаарт, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэдэг шаардлагууд бий. Энэ бол Үндсэн хуулийн заалт.

 

УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ.  УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдгийг Улсын Дээд Шүүх 2006 онд тайлбарлачихсан. Уг тайлбарт “УИХ-д суудал авсан намыг хэлнэ” гээд тайлбарласан.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 26-нд товлолоо. Өмнөх жилүүдэд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гол төлөв зургадугаар сарын 29-нд товлогдож байсан. Хугацааг нь яагаад урагшлуулсан бол?

 

-Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногт болдог. Сонгуулийн тухай хуулинд 150-иас доошгүй хоногийн өмнө сонгуулийн санал хураалтыг товлон зарлана гэж заасан. Тэр нь ирэх пүрэв гаригаар дуусах болж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 28, 29-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно гэж заахаар 150 хоног гэдэг хуулиа зөрчих болж байгаа учраас олдсон хугацаа нь л тэр.

 

-Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрх нээлттэй юу?

 

-Сонгуулийн нэгдсэн хуульд “Гадаадад байгаа эрх бүхий иргэд саналаа өгөх эрхтэй “ гэж заасан байдаг. Тийм учраас гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авна. ГХЯ, СЕХ  хамтарсан комисс байгуулна. Дипломат төлөөлөгчийн газартай салбар комисс байгуулна. Тогтоолын төслөөр бол зургадугаар сарын 10-11-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гаргахаар тусгасан бол?

-УИХ-аас 2017 оны төсвийн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн.   Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас 1 тэрбумаар бага гэсэн үг. Тухайн үед 15.8 тэрбумыг зарцуулж байсан юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
jiriin irged:
Talaar ni tsetserleg bariach dee.Denduu unrelen yom.
2017-01-25
зочин:
мөнгөгүй гээд л байсан яасан, хэтэрхий үрэлгэн байнаа,
2017-01-25
зочин:
ямар их мөнгө бэ. больё оо, хайран юм , үүнийхээ оронд цалин нэм, арай дэндэж байнаа, шал солиотой юм
2017-01-25
Монгол эр:
Ямар их мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулж байна аа. Энэ мөнгө 5-6 эмнэлэг, цэцэрлэгийн байр барихад хүрэхээр байна. Бас нэг худлаа хошгируулсан гарын сурталчилгаанд цацаад талыг нь луйвардаад дуусах байх дөө. Угаасаа ойлгомжтой. Хайран татвар төлсөн иргэдийн хөлс хүч.
2017-01-25
zochin:
Hairan mungu. 300 гаруу өрх айл орон сууцтай болж болохоор
2017-01-25
irgen:
UIX,eronxiilogchiin songuuliig neg dor ybuulax xeregtei.boon zardal.xeden xuuxdiin emneleg barisan bol ashtai yu
2017-01-24