Сахилга хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг анхаарууллаа
2017-01-25

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр төр захиргааны Хангарди ордонд дүүргийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан юм. Гэрээг хагас жил болон бүтэн жилээр нь дүгнэх аж. Биелэлтийг хангаж ажиллаагүй дүүрэг, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох заалт уг гэрээнд туссан байна.

 

Гэрээ байгуулах ажиллагааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүрэг, байгууллагын удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ “2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан бүх түвшинд сахилга хариуцлагыг чанд мөрдөх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд анхааран ажиллах нь зүйтэй. Гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг та бүхэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүр нийслэлийн Тамгын газарт танилцуулах хэрэгтэй. 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан  ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай” хэмээлээ.

 

2017 онд нийслэлийн төсөвт 536.0 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 295.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 174.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн, 89.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Нийгмийн халамжийн сангийн зардалд 101.0 тэрбум төгрөг, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 75.2 тэрбум төгрөг, нийслэлийн концессийн гэрээгээр 35.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөс 7.0 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөснөөр энэ онд шинээр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд төсөв санхүүгийн хувьд хөрөнгө дутмаг хэдий ч хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

Тухайлбал, энэ онд 2300 ор бүхий цэцэрлэгийн 10 барилга, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийн барилга, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасаг шинээр байгуулах юм байна. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, бизнес инкубатор төв, цэцэрлэгийн барилгыг барих ажлыг зохион байгуулах аж. Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга, Сүхбаатар дүүрэгт аврах гал унтраах ангийн барилга барьж, нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг өргөтгөн, мэдээлийн аюулгүй байдлыг хангасан дэд бүтцийг бий болгох аж. Хот тохижилтын тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлтэд 1.5 тэрбум төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 2.0 тэрбум төгрөг, Эрчим хүчний яамтай хамтарч Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэл цахилгаангүй 7000 гаруй айл өрхийг эрчим хүчээр хангах, цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулахад 7.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөө хотын дарга хэлсэн.

 

 

Нийслэлийн Засаг дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгагдсан төсөв, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхааруулж байна. Та бүхэн 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахыг хүсье” гэж хэллээ.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Энхтөр “Үр дүнгийн гэрээнд бүтэн жилийн хугацаанд хийх үйл ажиллагааны хавсралтыг давхар баталж байна. Жилийн хүрээнд хийсэн ажлуудаа хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллах юм. Бид харьяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж зохих байгууллагуудаар нь хянуулж үр дүнгийн гэрээг байгуулж байна” гэлээ.

 

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Гэрээнийхээ дагуу тодорхой чиг үүргүүдийг дүүрэгтээ хэрэгжүүлнэ. Энэ гэрээг цааш нь салбарлаад төсвийн захирагчтайгаа байгуулаад хөрсөн дээр нь буулгаж ажиллана. Манай дүүргийн хувьд төрийн болон төрийн бус 80 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүрэлцээ хангалтгүй байдаг. Энэ жил нийслэлийн төсөвт цэцэрлэг шинээр барихаар тусгагдсан байгаа” хэмээлээ.

 

 

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Баярсайхан “Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд жижиг бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллах зэрэг найман том зорилтыг тавин ажиллаж байна. Үүнээс хамгийн том ажил маань “Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 
 
 
 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗААВАЛ ИНГЭЖ САНАМЖ БИЧИГ ХИЙНЭЭ. ШУУД ШУУД ҮҮРЭГДЭЭД ЯВЧИХАЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙЖ ДЭЭ.
2017-01-25