Иргэдийн улс төрийн эрх нэмэгдэх үү
2017-01-26

Хууль төрөхийн өмнө

Иргэд бид улс төрийн эрхээ хэр хэрэгжүүлдэг вэ. Сонгуулиар саналаа өгч, нэг өдөр төр барих эрхээ эдэллээ гэдэг. Бусад үед хорооны Иргэдийн хуралдаа  тэр бүр саналаа хэлж, эрхээ эдлээд байдаггүй. Уг нь бидний улс төрийн эрх нутгийн өөрөө удирдах байгууллага болох анхан шатны Иргэдийн хурлаас эхэлдэг. Ерөнхийлөгчийн санаачлагаар нээлттэй ардчиллын хүрээнд аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын бүрт Иргэний танхим ажиллаж байгаа. Гэхдээ тэр бүр иргэд хуралдаа очиж, саналаа хэлж, төсөв төлөвлөгөөнд батлуулан хэрэгжүүлэдг нь өдрийн од мэт.  Мэдээж, ИТХ-аар олонхийн дэмжлэг авсан саналыг хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулахыг иргэдийн саналаар хэрэгжүлдэг болсон. Тиймээс иргэдийн саналыг авахаар Иргэдийн хурлынхан идэвхийлэн ажиллаж, иргэд ч тухайн орон нутагт, өөрсдөдөө шаардлагатай асуудалд үгээ хэлдэг болсон билээ.

 

Өнөөдөр л гэхэд баг, хорооны Иргэдийн хурлын даргыг сонгох хуралд иргэдээ оролцуулахаар хорооны нийгмийн ажилтнууд, нам, эвслийн төлөөлөл зар түгээн байгаа. Сүүлийн үед сонгогчид хорооны хурлын байтугай УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө хойрогшиж, зарим хэсгийн тойрогт дахин сонгууль явагдаж, зардал мөнгө, цаг хугацаа үрсэн тал бий. Ер нь аль нэг сонгуульд саналаа өгөх нь иргэний үүрэг. Энэ үүргээ гүйцэтгэхдээ хойргошдог хэрнээ аль нэг иргэний хөдөлгөөний зохион байгуулалттай жагсаал цуглаан идэвхтэй оролцдог хэсэг бүлгийнхэн ч өнөөдөр бий болсон.Гэхдээ энэ нь хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр, буруутгах үндэслэлгүй.

 

Уг нь Үндсэн хуулиндаа “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”,  “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэх зэргээр улс төрийн оролцоог тодорхой заагаад өгчихсөн.

 

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хорь гаруй жилийн хугацаанд ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох явдлыг сонгуулиар төлөөлүүлэн ойлгож, дээрээс доошоо чиглэсэн нэг урсгалтай байсан бол 2003 оноос эхлэн иргэдийн идэвхитэй оролцоог хангах асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах санаачлагууд төлөвшин тогтжээ. 

 

Түүнчлэн 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудад хууль санаачлагч хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлэх, санал авах үүрэг хүлээх, УИХ болон нутгийн захиргааны, нутгийн өөрөө удирдах байгууллага нь хууль тогтоох, томилгооны, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, захиргааны хэм хэмжээний ба төлөвлөлтийн, орон нутгийн сонсголыг иргэд, олон нийтийг хамруулан зохион байгуулах; захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа оролцогч этгээдийг заавал сонсох зэргээр үйл ажиллагаандаа иргэдийн саналыг авах, оролцоог хангахаар  зохицуулсан байдаг.

 

Монгол Улсын нийт хүчин төгөлдөр хуулиудын 105 нь иргэний оролцооны талаар  тусгажээ. Харин иргэд бид энэ эрхээ тэр бүр мэддэггүй, зарим нь мэдсэн ч хэрэгжүүлэх “завгүй” байдагтай холбоотой.

 

Дэлхийн 214 улсуудын харьцуулсан судалгаагаар төрийн үйл хэрэгт ард түмэн шууд оролцох механизмыг ард нийтийн санал асуулга, иргэдийн санаачлага, хууль тогтоох байгууллагын ажлын төлөвлөгөөнд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр оруулах санаачлага, сонгогдсон албан тушаалтаныг огцруулахаар санаачлах гэсэн дөрвөн төрлийн хэрэгслээр хэрэгжүүлдэг байна. Жишээлбэл,  Африк тивд 4 улсад иргэдийн санаачлага, 9 улсад хууль тогтоох байгууллагын ажлын төлөвлөгөөнд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр оруулах санаачлага, 4 улсад сонгогдсон албан тушаалтаныг эгүүлэн татах санаачлагыг хуулиар зохицуулсан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас санаачилдаг ард нийтийн санал асуулгыг 46 улсад хуульчилжээ.  Харин Хойд Америк тивд Канад улсад санал хураалт явуулдаг хэдий ч түүний үр дүнг заавал төрийн байгууллагын шийдвэр болох албагүй байдаг нь иргэдийн хандлагыг тогтоох санал хураалт болдог байна. АНУ-д 24 муж нь иргэдийн санаачлага, 18 муж нь сонгогдсон албан тушаалтаныг эгүүлэн татах санаачлага гаргах эрхтэй. Төв болон Өмнөд Америк тивийн хувьд сүүлийн үед Чили, Колумби, Экуадор, Панам, Уругвай, Венесуэл улсад, Мексик зарим муж улсын түвшинд хэрэглэдэг аж.

 

Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн санаачлагаар Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлж байна. Уг хуулийн төсөл парламентаар дэмжигдэн батлагдвал иргэд хууль тогтоох байгууллагад саналаа уламжлах,  ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулахаар санаачлах эрх үүснэ.

 

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг УИХ-ын даргын зөвлөл хуралдан шийддэг. Харин энэ хууль батлагдсанаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудлыг оруулж хэлэлцүүлэх эрх бүрдэх юм билээ. Ингэхдээ чуулганаар асуудал хэлэлцүүлэх санаачилгыг  Монгол Улсын нийт шаардлагатай босго тоог сонгуулийн эрх бүхий иргэдийн тооноос хувиар тооцон тогтоорх юм байна.  Сонгуулийн эрх бүхий санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах,  шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулах юм байна.  УИХ-ын чуулганаар асуудал хэлэлцүүлэх санаачлага нь иргэдэд зөв мэдээлэл өгөх танилцуулга, гарын үсгийг цуглуулах хуудаснаас бүрдэх, эдгээрийг бүрдүүлэх журам, тухайн баримт бичигт тавигдах шаардлагыг тусгах гэнэ.   Санаачлагчдын бүлгээс саналын талаар сурталчилгаа хийх, зардлыг өөрсдөө хариуцахаар заажээ.   Уг санаачилгыг УИХ-ын тамгын газар бүртгэж, хуульд заасан шаардлага хангасан бол уг санаачилгыг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэхээр тусгажээ.

 

Мөн сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар заасан байна.

 

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудлаар тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.  Ард нийтийн санал асуулга явуулахаар сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй аж.

 

Хуулийн төсөл  санаачлагачид зарим асуудалд хаалт  тавьсан байна. Энэ нь ч зүйн хэрэг юм.  Үндэсний аюулгүй байдал, төсөв ба түүний тогтвортой байдал, гамшигаас хамгаалах, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, эсхүл цэрэг хөдөлгөх харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг иргэдийн санаачилгаар санал асуулгаар шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байхаар зохицуулжээ.  Харин ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцож, олонх нь дэмжсэн тохиолдолд шийдвэрлэгдэх юм байна.

 

Энэ хууль батлагдсанаар  “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэсэн Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх бодитой хэрэгжинэ гэж санаачлагачид үзжээ.

 

Иргэдээс өөрсдийн санаачлагаар шийдвэр гаргахад идэвхтэй оролцсоноор идэвхи, оролцоо нэмэгдэж, тэр хэмжээгээр нийтийн ашиг сонирхлын төлөө санаа тавих байдал сайжирдаг олон улсын туршлага ч байдаг байна.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
namgiin doodhod:
GANTS 7 DEET CH BISH BUSAD HOROOD DEER BAIDAL ADILHAN L YUM BOLSIIN BILEE HU
2017-01-26
Зочин:
Мөнгөөр саналаа худалддаг ард түмэнд өгсөн эрх мэдэл амиа хорлох хэрэгсэл болдгийг манай сонгуулиуд тэр тусмаа 16 оны сонгууль хэнд ч ойлгагдахоор хэллээ
2017-01-26
зочин:
одоо тэгээд маначаар хурлаа удирдуулах хэрэг үү
2017-01-26
зочин:
одоо тэгээд маначаар хурлаа удирдуулах хэрэг үү
2017-01-26
зочин:
арай дэнднээ халзан цагаан хонь ч байсан яридаг л бол гарна дхаа энэ намуудад боловсон хчин байхгүй болсон юм уу
2017-01-26
зочин:
өнөөдөр иргэдийн сонгох сонгогдох эрх алдагдсан. Эрх барьж буй намууд өөрсдийнхөө хүмүүсийг сонгодог иргэдийн саналыг авдаггүй. Ямар ч нам гарсан ялгаагүй байгаа. Иймээс иргэдийг мөнгөөр худалдаж авдаг, гурил будаа, мах талх өгч саналыг нь худалдаж авдаг болчихсон, Үүний төлөө бүгдээрээ тэмцэх хэрэгтэй . иргэдийг ядууруулаад өөрсдөө юм өгч муу занд сургасан.Ард түмнийг үнэхээр доромжилж байна. Саяхан СХД-ийн 7-р хорооны иргэдийн хурал болж өөрсдийн хүмүүсээ ачиж авчраад саналыг нь өгүүлсэн. Ийм хүн сонгоорой гэсэн Тэгсэн тэр хүн нь байрны сахиул байсан хөгшинг сонгосон бид мэдээгүй .Машинаар ачиж ирээд урьж залаад л гоё байсан. Эргээд хүргэж өгөөгүй. Маргааш нь 2 шуудай нүүрс авчихаад нөгөө зөөсөн жолоочоосоо хүргээд өгөөч гэсэн чинь салаавч өгчихөөд танихгүй царайлаад явчихсан. Том даргын машин байсан.Ингэж л иргэдийг доромжилж байна шүү дээ
2017-01-26