Хар алт “сэрэх” цаг айсуй
2017-01-26

 

ХЯТАДЫН ТӨЛӨӨХ САУДИЙН АРАБ, ОРОСЫН ТЭМЦЭЛ

 

Дэлхийн эрчим хүчний хамгийн том зах зээлийн төлөөх тэмцэл яг одоо Орос, Саудын Арабын хооронд өрнөж байна. Хятадын нефтийн нийлүүлэлтийн ноён оргилыг эзлэх даалгавартай хоёр тал эн тэнцүү ширүүн өрсөлдөж байгаа нь энэ. ОХУ-ын Азийн орнуудад нийлүүлсэн нефть 2015 оноос 24 хувиар өсч, 52.5  сая тонн буюу өдөрт 1.05 сая баррелиар хэмжигдэж байна.

 

Харин Ойрхи Дорнодын эзэнт улсын хувьд энэ тоо өдөрт 1.02 сая баррель буюу нийт 51 сая тоннд хүрснээр хоёр дахь томоохон нийлүүлэгч болоод байгаа юм. Дэлхий тосоор гулгих цаг ойртсоор байгаа энэ үед салбарын бизнесмэнүүд ухаан сүвлэж, мэргэн алхам хийхийг зах зээл нь өөрөө шаардаж буй. Ийм л онцгой үйл явдлаар дүүрэн ойрын жилүүдэд ОХУ Азийн орнуудад нефтийн ноёрхлоо тогтоохоор хэдийнэ Саудийн Арабтай тэмцэлдсээр ирсэн юм. Хямралын зуд дэлхийг нэрвэж байхад Хятадын эрэлт л гагцхүү үнийг тогтвортойгоор өсгөх хөдөлгүүр нь болж байв.

 

Нефть боловсруулагч хувийн үйлдвэрүүдийнхээ ачаар урд хөрш маань 2010 оноос хойш бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа огцом нэмсэн юм. “Хятадын хувьд саудиуд хамгийн том нийлүүлэгч байсаар ирсэн. Харин Оросоос авсан их хэмжээний импорт нь ихэнхдээ нефть боловсруулагч хувийн үйлдвэрүүдийн эрэлтийг өсгөж, стратегийн нөөцийн худалдан авалтыг нэмж байсан” хэмээн Шанхайд төвтэй “ICIS-China”-ийн бараа бүтээгдэхүүний шинжээч Эми Сан хэлжээ. Ингэхдээ Сибирийн түүхий нефтийг Оросын Козмино боомтоос Хятадын боловсруулагч үйлдвэрүүдийн гол цэг болох Чиндаод хүргэснээр хар алт “залгигчдад” далайн чанадаас бүтээгдэхүүнээ хэрэглэх боломжийг олгосоор иржээ. “Нефть боловсруулагч хувийн үйлдвэрүүдийн импорт энэ онд ч үргэлжилнэ. Мөн Орос-Хятадын нефть дамжуулах хоолойг өргөтгөхөөр төлөвлөсөн нь ОХУ-ыг энэ жил дахин Хятадын хамгийн том нийлүүлэгч болгох хандлагатай байна” гэж Сан хэлжээ.

 

Тэгвэл гаалиас гаргасан мэдээллээр Өмнөд Африкийн Ангол улс 2016 оны гурав дахь томоохон нийлүүлэгчээр тодроод байна. Тус улс нь нийт 43.7 сая буюу өдөрт 875 мянган баррель нефть экспортолжээ. Хятадын нийт хар алтны импорт өнгөрсөн жил 13.6 хувиар өссөнийг энэ сарын 13-нд гаргасан гаалийн мэдээнд дурдсан байв.

 

А.Новак: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 50-60 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

 

АНУ-ын газрын тосны хайгуул хүчтэй сэргэж эхэлснээр нефтийн үнэ нэг хувиар буурсан талаар “Ройтерс” агентлаг даваа гаригт мэдээллээ. Учир нь ОПЕК болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэгч орнууд олборлолтоо бууруулахаар төлөвлөж эхлээд байгаа юм.

 

Баасан гаригт биржүүдийн хаалтын ханшаар түүхий нефтийн үнэ нэг баррел нь 65 центээр буурч 52.57 ам.долларт хүрсэн байна. Энэ сарын 22-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Энэ онд дэлхийн газрын тосны үнэ нэг баррель нь 50-60 ам.долларт хүрнэ” хэмээн хэлснийг мэдээллийн TASS агентлаг дамжуулжээ. Түүнчлэн тэрээр “ОПЕК-ийн болон ОПЕК-ийн бус орнууд нефтийн үйлдвэрлэлээ өдөрт 1.7 сая баррелиар бууруулж магадгүй” гэснийг “Интерфакс” агентлагийн мэдээлжээ.

 

Тэгвэл ОПЕК-ийн бус үйлдвэрлэгч болох Ойрхи Дорнод дахь хамгийн том нефть олборлогч компани “Оман” энэ жил өдөрт дунджаар нэг сая баррелийг олборлоно хэмээн мэдэгджээ. “Oman”-ы үйлдвэрлэл өнгөрсөн жил анх удаагаа өдөрт нэг сая баррель гэх хэмжээнээс давж 1,004,300 баррель болсон нь 2.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСӨВ БА ХАР АЛТНЫ ҮНЭ

 

Нефтийн зах зээлийн энэхүү өнгө төрх Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ. Parliament.mn сайтад нийтэлсэн 2017 оны нэгдсэн төсвийн танилцуулгад дурдсанаар Монгол Улсын хэмжээнд нийт 326.6 мянган ам километр талбайд 24 блок дээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, газрын тосны хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байна. Үүнээс зөвхөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болох “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “Доншен газрын тос Монгол” ХХК-тай гэрээ байгуулсан “Тосон-Уул 19”, “Тамсаг 21”, “Зүүнбаян 97” зэрэг 3 талбай дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

 

Газрын тосны нийт экспортын 95 хувийг Дорнод аймгийн “Тосон-Уул 19”, “Тамсаг 21” дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн экспорт эзэлж байна. Түүнчлэн газрын тосны нийт экспортын хэмжээг найман сая баррель, нэг баррель газрын тосны үнэ 45 ам.доллараас доошгүй байна гэж төсөөлж, газрын тосны орлогоор улсын төсөвт нийт 176.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо хэмээжээ.

 

Ямартаа ч бид газрын тосны үнийг хэтэрхий өөдрөг төсөөлгүй болж таарлаа.

 

Тэгвэл http://oilprice.com/ сайтад мэдээлснээр энэ онд хар алтны үнэ 70 ам.доллар ч хүрэх магадлалтай гэжээ.

 

Ж.ЦОГЗОЛМАА

 

Эх сурвалж:mminfo.mn

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ГАЗАРЫН ТОСОО ГАДАГШ Нь ГАРГАНА, ЭРГҮҮЛЭЭД БЕНЗИН БОЛГОЖ ХУДАЛДАЖ АВНА , ЭНЭ УЛСЫГ ЕРДӨӨ Ч ОЙЛГОХГУЙ ЮМ БНА
2017-01-26