Ахмад настны тухай хуулийг баталлаа
2017-01-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Ахмадын хөдөлмөрийг шулах нөхцөл их байна. Тэтгэвэрт гарсан хүн компанид ажиллуулахдаа тэтгэвэр авч байна гэж хэлээд бага цалин өгдөг. Цалингаасаа нийгмийн даатгал төлдөг. Гэхдээ тэтгэвэр нэмэгдэх нь бага. Үүнийг яаж зохицуулж байна вэ?

 

-Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалт орсон. Өөрсдөө хоршоо байгуулж зээл авах нөхцөл бүрдэнэ.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Тэтгэвэр авч байгаа 260 мянган ахмадуудын дундаж тэтгэврийн дүн хэд вэ? Хамгийн дээд болон бага тэтгэврийн дүн хэд вэ? Хувийн хэвшлийнхэн дундаж цалин өгдөг. Дундаж цалин нь 900 мянга, оффисын менежер 1.5 сая төгрөг гэх зэргээр. Цаашдаа тэтгэврийг цалинтай ойртуулах нь зөв гэж боддог.

 

-Монгол Улсад тэтгэвэр авч байгаа хүмүүсийн дундаж нь 300 мянган төгрөг. Доод тэтгэвэр 200 төгрөг. Энэ хууль батлагдсанаар хүн амын амжиргааны доод түвшин, инфляциас хамаарч тэтгэвэр тогтооно хэмээлээ.

 

Тэтгэврийг тухайн үеийн инфляци, амжиргааны төвшинг харгалзаж тогтоодог юм байна. Хувь тэнцүүлсэн 218 мянга, дундаж 306 мянга, бага тэтгэвэр 240 мянган төгрөг юм байна.  Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явууллаа. Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 83.6 хувийн саналаар дэмжив. Ингээд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг бүхэлд нь баталлаа.

 

Дараагаар нь Дипломат албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Дипломат албаны тухай хуулийг батлав.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Сосорбарам:
Тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болглвол ахмадууд сэтгэл амар байх болуу олон
2017-01-27