Малын гаралтай 53,3 сая ам. долларын бүтээгдэхүүнийг импортолжээ
2017-01-27

УИХ-ын чуулганы хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. Энэ хуулиар  мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван бүс нутаг, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эдийн ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заажээ.

 

Эрүүл мал, эрүүл махтай байх талаар ямар арга хэмжээ авахыг гишүүд илүүтэй асууж, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхэд анхаарч байлаа. Мал аж ахуйн салбарыг тооны араас биш чанар руугаа явуулах чиглэлд анхаарч тал талдаа анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байв.

 

Мал аж ахуй бол Монгол Улсын суурь салбар. Амжиргаа залгах бус эдийн засгийг дэмжих, хөгжүүлэхэд  мал аж ахуйн салбарыг голлох үүрэг гүйцэтгэнэ гэж гишүүд үзэж байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бид мал, амьтаны эрүүл ахуйг сэргээж чадвал хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээж чадна. 1990 оноос өмнө бид хөдөө аж ахуйгаараа дотоодын үйлдвэрлэлээ хангаж чаддаг байсан. Яагаад 100 үхэртэй монгол малчин амьдралаа чадан ядан авч явж байхад, яагаад 100 үхэртэй франц малчин саятан болж бийлэгжүү амьдарч байна вэ. Мал амьтны эрүүл мэнд, генетикийн суурийг зөв тавьж чадвал эдийн засгаа сэргээж, хямралаас гарч чадна. Хангалттай улстөржиж байна. Үндсэндээ махны экспорт хулгайн аргаар гарч байна. Үүнийг төр шийдэх ёстой. Хангалуун амьдрах боломж хөдөө аж ахуй дээр суурилж байгаа” гэдгийг онцолсон юм.

 

Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Дараагаар нь Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Жил бүр 1.3 сая орчим хээлтэгч мал сувайрч, хээлтүүлэгч малын тоо шаардлагат хэмжээнээс 1.5 дахин дутагдалтай  зэрэг нь энэ хэмжээний эдийн засгийн ашиг олох боломжийг алдагдуулдаг байна.

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн  судалгааны тайланд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн 40,0 орчим хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй, үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх чадавхи хангалтгүй байгаа талаар дүгнэжээ. Баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн мал жилээс жилд цөөрч, улмаар зарим үүлдэр, үржлийн хэсгийн мал устах аюулд хүрчээ. Монгол Улсын хэмжээнд үржүүлж буй тэжээвэр мал, амьтны үүлдэрлэг байдлыг тогтоох, бүртгэх, төлөв байдлыг үнэлэх, хариу арга хэмжээ авах ажил хийгдэхгүй болсон нь үндэсний үүлдэр, омгийн малыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинээр бий болгох, ашигт шинж чанарыг дээшлүүлэхэд сөргөөр нөлөөлдөг байна.

 

Гаалийн мэдээгээр 2015 онд 45,3 сая долларын, 2016 онд 53,3 сая ам. долларын үнэ бүхий мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор  авсан байна.

 

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин