Яруу найрагч Б.Батсайхан “Болор цом”-ын эзэн болов
2017-01-30

 

"Болор цом-34” яруу найргийн наадам  Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болж өндөрлөлөө. Энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулсан.

 

Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагч сүүлийн шатанд үлдээд байв. Үүнээс  Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан “Болор цом”-ын эзнээр тодорсон байна. Тэрбээр аймгаасаа анхны цомын эзэн боллоо. Харин яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир аман хүзүүдэж, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт орсон бол Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаалсан байна.

 

5-р байр: Яруу найрагч Д.Гансүрэн

 

4-р байр: Яруу найрагч М.Уянсүх

 

3-р байр: Яруу найрагч Ч.Ууганбаяр

 

2-р байр: Яруу найрагч А.Эрдэнэ очир

 

ТЭРГҮҮН БАЙР:Сүхбаатар аймгийн харъяат яруу найрагч Б.Батсайхан

 

 

“Болор цом”-ын эзэн яруу найрагчид наадмын зохион байгуулагчдын зүгээс хурдан удмын адуу бэлэглэв. Ингээд “Болор цом 34” наадамд түрүүлсэн яруу найрагч Борхүүгийн Батсайхны шүлгийг сонирхуулж байна.

 

ТЭР ЭМЭГТЭЙ
 

Тэр эмэгтэйд би хайртай

 

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

 

Даарсаар очиход минь угтан авч

 

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

 

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

 

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

 

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

 

Халууцсаар очиход минь тосон авч

 

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

 

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

 

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

 

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

 

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

 

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

 

Ээж гэдэг

 

Би энэ зовлонт ертөнцдөө хайртай

 

Шинэ өглөөн наран инээж угтдаг тухай

 

Шингэж одох болгондоо гуниг тээдэг тухай

 

Мартаж үгүйлэхийн тулд маргааш ирдэг тухай

 

Манант орчлонгийн үнэн, зовлонгоор төгсдөг тухай

 

Буцах цагийн аниртай дууг

 

Бусдаас нууж өөртөө зориулъя

 

Үртэй хүмүүн бүхэн жаргаж дуулдаг тухай

 

Үйлийн үнэнд гүйцэгдэн хагацаж дуусдаг тухай

 

Хагдарч гандахын тулд цэцэгс ургадаг тухай

 

Хамгаас хайртай бүхэн минь хальж одохын тухай

 

Одох үнэний гунигтай дууг

 

Орчлонгоос нууж өөртөө дуулъя

 

Үймээнт салхины хэлбэр зүггүй байдаг тухай

 

Үнэн бүхний төгсгөл хатуу байдаг тухай

 

Навчны энэлэнт чимээнд эгшиг төрдөг тухай

 

Намрын хөх романсад үнэн оршдог тухай

 

Төгөлдөр үнэний энэлэнт дууг

 

Тавилангаасаа нууж өөртөө шингээе

 

Жиргэж чуулсан шувууд жаргаж дуулсан болохоор

 

Жирийн бор хоногууд урсаж өнгөрсөн болохоор

 

Учралын цэнхэр эгшиг тасарч гуньсан болохоор

 

Уянгын буурал хорвоо тавилангаа дагадаг болохоор

 

Би энэ зовлон ертөнцдөө л хайртай...

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
би:
Яанал даа хүүхэд бичсэн юм шиг юун инээдтэй юм
2017-01-31
Зочин:
ХЭН ТҮРҮҮЛЭХ НЬ ХАМААГҮЙ, ХЭДЭН ТӨГРӨГ АВАГ Л ДАА, МУУ СОГТУУ ШҮЛЭГЧИД, ХӨӨРХИЙ...
2017-01-30