Эргүүлэн татаж, эрхээ хязгаарлах уу, ЭД
2017-01-31

 

Гишүүдийг өөрсдөдөө зориулж хууль баталдаг гэж шүүмжилдэг.  Үнэндээ ч хэн хэнийхээ бизнесийг дэмжиж, нэг удаад татвар чөлөөлөх зэргээр нийтийг хамарсан хууль батлах нь нэг бус удаагийн тохиолдол.  Уг нь албан тушаалтнууд эрх ашгийн зөрчилтэй хууль батлах байтугай захирамж гаргаж болохгүй. Гэвч  хавар, намрын чуулганаар хэлэлцэгдэх олон хуулиудын завсарт, тэр дундаа наадам, цагаан сар гэх олны анхаарал үндэсний баярт чиглэсэн үеэр өөрсдөдөө зориулсан хуулиудаа түргэвчлэн батлах  үзэгдэл үе үе давтагддаг.  Харин өөрсдөд нь зориулагдсан хариуцлагын тухай хууль дээр тун ч халгаатай, хандаж, хэлэлцүүлгийг нь хойшлуулж, бүр цаашлаад хууль санаачлагчид нь буцаасаар ирсэн. Ер хариуцлагаа нэмэгдүүлэн үүрэхийг хэн хүн хүсэх билээ дээ, гишүүд ч гэсэн хүн шүү дээ.

 

Гишүүд төдийгүй албан тушаалтнууд ч ажилдаа хариуцлагагүй хандаж, тэр бүр хариуцлага тооцуулаад байдаггүй. Шалгуулсан нэг нь гэм зэмгүй болоод л гараад ирдэг, уг нь олны үг ортой баймаар, хууль, цагдаагийнхан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гэм, зөрчлийг барагтай л “илрүүлж” чаддаггүй юм шиг.

 

Саяхан  Ерөнхийлөгчийн зүгээс Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна лээ. Энэ долоо хоногт парламент хэлэлцэх эсэхийг шийднэ.  Үндсэн хуулинд  “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тунхагласан байдаг.  Тиймээс “Нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллага, албан тушаалтан бүр үйл ажиллагаандаа энэхүү зарчмыг удирдлага болгож, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг байх нь ардчилсан эрх зүйт төрийн чухал шинж” гэж хууль санаачлагач үзжээ.

 

Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байгаа.  Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага нь бодит байдалд төрийн босоо тогтолцоонд үйлчилдэг. Харин хэвтээ тогтолцоо буюу улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тодорхойгүй байдаг гэнэ.  Иймээс Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс хууль санаачлагач уг төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төслөөр Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой болгон зохицуулалт хийжээ.  Ингэснээр хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийг харгалзан хариулцлага тооцох юм байна.  

 

Хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар төсөлд тусгажээ.

 

Хэрвээ  албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн байна.  Албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ.

 

Уг хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагач  үзэж байгаа юм.

 

Харин манай парламентчид энэ хуулийн төслийг дэмжих үү, эсвээс хууль санаачлагачид нь буцаах уу. Өнгөрсөн долоо хоногт оффшорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжүүлэн хийсэн.  Гишүүд энэ хуулийн төсөлд  оффшор бүс гэдгээ байршлаар нь тодорхой болгохыг Засгийн газраас шаардаж байсан. Харин оффшор бүсийг тодорхойлох нь бусад улс оронтой харилцах хамтын ажиллагаанд  сөргөөр нөлөөлнө гэж Засгийн газар үзсэн юм.   Мөн АТГ-т ХОМ гаргадаг 3000 гаруй албан хаагчдад нийтээр нь оффшорын асуудалд хамааруулахгүй, тодорхой өндөр албан тушаалтнуудыг гаргаж өгөхийг шаардсан билээ. Тиймээс Засгийн газар 301 албан тушаалтнуудыг гадаад улсад данс нээлгэх, хувьцаа худалдан авахыг хориглосон саналыг нэмж тусгасан байна лээ. Энэ 301 албан тушаалтны хамт амьдарч байгаа гэр бүл, үр хүүхэд төдийгүй өрх тусгаарласан хүүхдүүдэд нь ч  хамаатай байхаар заажээ.

 

Энэ нь хүний эрх төдийгүй Үндсэн хуулийг зөрчих асуудал биш үү гэж парламентчид болгоомжилж байна лээ. “Улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхэм яагаад улс орныхоо төлөө дотооддоо дансаа нээлгэж, хувьцаагаа худалдаж аваад, төрийнхөө төлөө зүтгээд байж болохгүй. Оффшороос асуудлыг холдуулж харах хэрэгтэй хэмээн төслийг нь түдгэлзүүлэх хандлагатай байгаа гишүүдийн өөдөөс  ХЗДХ-ийн сайд чангахан дуугарч харагдсан.  Гэхдээ дээрх заалтаар оффшороос сэрэмжлүүлэх зорилгоор 301 албан тушаалтны гэр бүл, үр хүүхэд гадаадад сурч, эмчлүүлэх эрх нь хаагдаж байгаа юм билээ. Өөрсдөд нь хамаарах хуулийн төсөлд явж байгаа “эвгүйтсэн” асуудалд олонхийн бүлгийн ахлагч Д.Хаянхярваа таван хоногийн завсарлага авна лээ.  Уг нь дээрх хуулийн төслөөр авсан тав хоногийн завсарлага энэ долоо хоногт дуусгавар болж байгаа. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтад оффшорын хуулийн тусгаагүй байна лээ.

 

Ийнхүү парламентчид өөрсдөд нь хамааралтай хариуцлага тооцох, эрхэнд нь халдсан хуулийн төслүүдийг холдуулах хандлагатай байдаг. Тиймээс  ч Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл олонхийн дэмжлэг авч, батлагдана гэдэг найдлага тавих итгэл төрөхгүй л байна. Эргүүлэн татаж, эрхээ хязгаарлуулах хуулийн төслийг өөрсдөдөө зориулан батлах эр зориг эрхэм түшээдээс гарах болов уу.   Хэлэлцүүлгийг нь харж л байя.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аль ч намынх байгаад ямарч ялгаа гарахгуй! УИХ-ын гишууд хэзээ ч еерсдийгее эргуулэн татах, эрхээ хязгаарлах уйлдэл хийхгуй!!! Учир нь тэдний мах цус, тархи зурх сэтгэлд Монгол улс, монголын телее гэх ечуухэн ч зуйл байхгуй тул тэд зевхен еерсдийн болоод еерсдийгее дэмжигч хуйвалдсан бизнесийн булэглэлуудээ л дэмжих нь мэдээж!!!
2017-01-31
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-31