УБТЗ-ын түүхэнд бичигдээгүй олон осол гарав
2017-01-31

 

УБТЗ-ын түүхэнд бичигдээгүй олон осол гарав


УИХ-ын сонгуулиас үүдэлтэй албан байгууллагуудын халаа сэлгээний асуудал Монголын томоохон “мөнгөний машин” гэгддэг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ч тойрсонгүй. Харин энэхүү даргын албан тушаалын төлөөх улс дамнасан хэрүүлийнх нь хохирогчид иргэд болон тус компанийн ажилчид болчихоод байгаа талаар амтай болгон ярьж буй. Бүр тодруулбал, даргын суудлын төлөөх асуудлаас үүдэн анхаарал, хариуцлага суларсан бололтой. Энэ хугацаанд нь төмөр замын ослоор таван хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Гэвч УБТЗ-ын удирдлагуудын зүгээс дээрх ослын талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг нэг ч хүргээгүй нь олны анхаарлыг татаад буй. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд ч дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч албан тушаалтнууд нь өөрсдөөсөө зайлуулж, аргацаасан байдлаар хандаж байсан билээ. Харин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд УБТЗ-ын түүхэнд ийм ойрхон хугацаанд олон хүн амиа алдсан осол гарч байгаагүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа энэ асуудлыг онцолж байна.

 

УБТЗ ажилчныхаа үхлийг нууцалжээ

 

2016.12.29: Эхний осол он солигдох мөчид  Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд гарчээ. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 08:45 цагт тус өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үеэрээ дунд нь хавчуулагдаж, амиа алджээ. Ослын талаар урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан галт тэрэгний удирдагч туслах найруулагчийн ажилд хяналт тавиагүй, сэлгээний хөдөлгөөнийг өөрөө удирдаагүй зэрэг үүргээ биелүүлээгүйн дээр Зам тээврийн сайдын тушаалыг зөрчиж, мэргэжлийн бус хүнийг галт тэрэгний туслах найруулагчийн орон тоон дээр нэг сар дадлагажуулж ажиллаж байсан. Амиа алдсан туслах найруулагч үүргийнхээ заалтыг зөрчин, буруу ажилласан гэж урьдчилсан дүгнэлтэд дурьджээ. Талийгаач 20 гаруйхан настай залуу байсан бөгөөд УБТЗ-д ажилд ороод удаагүй, арванхоёрдугаар сарын 24-нд ажлын байрных нь тушаал гараад байсан аж. Осол болсон өдөр талийгаачийн ажлынх нь гурав дахь гараа байсан гэнэ. Тэрбээр төмөр замын сургууль төгсөөгүй бөгөөд биеийн тамирын багш мэргэжилтэй нэгэн аж. Дашрамд дурьдахад, ийм ноцтой осол гарсан байтал УБТЗ-ын удирдлага сэрэмжлүүлэг, мэдээлэл гаргахын оронд маргааш нь нэгдсэн шинэ жилээ тэмдэглэж байсан гэж байгаа юм.

 

Шаамар суманд амиа алдсан иргэний хэргийг нууцлав

 

2017.01.05: Үүний дараа буюу шинэ он эхлээд тав хонож байхад буюу 2017 оны нэгдүгээр сарын 5-нд дараагийн осол гарлаа. Энэ бол Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан осол юм. Ослын улмаас дахин нэг хүн алтан амиа алдсан. Гэвч энэ ослын талаар УБТЗ-ын удирдлагууд нууцалж, мэдээлэл огт өгөөгүй юм.

 

Хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж амиа алдлаа

 

2017.01.07: Харин гурав дахь осол 2017 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр гарсан. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ ойролцоогоор 17-18 насны хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ амиа алдсан гэж байв. Амиа алдсан хоёр охин тухайн үед чихэвч зүүчихсэн явсан учраас галт тэрэгний дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан байна хэмээн мэдээлж байв. Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой төмөр замынхан арав хүрэхгүй хоногийн хугацаанд гурван ч осол гарч, дөрвөн хүний амь үрэгдчихээд байхад ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй нийт ажиллагсдадаа ч мэдэгдэлгүй нууцлаад өнгөрчээ.

 

15 настай охин галт тэргэнд шүргүүлж, хүнд гэмтэв

 

2017.01.08: Хоёр охины амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсны маргааш буюу 2017 оны нэгдүгээр сарын 8-нд дараагийн осол гарав. Тодруулбал, Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын  замд энэхүү осол гарсан байна. Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн аж. Галт тэргэнд шүргүүлсэн охины биеийн байдал хүнд байсныг ч УБТЗ-ынхан мөн л нуун дарагдуулжээ.

 

УБТЗ-ын ажилтан галт тэргэнд хавчуулагдан нас барлаа

 

2017.01.09: Энэ мэтчилэн ослууд ээлж дараалан гарсаар байсан ч УБТЗ-ынхан ганц үг ганхийлгүй байсаар 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 13:30 цагийн орчимд УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг дахин гарав. Хохирогч 52 настай байсан бөгөөд УБТЗ-д олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн байсан гэнэ. Ийнхүү аравхан хоногийн дотор таван хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай мэдээллийг нууцалсаар байв.

 

УБТЗ: Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй

 

Аравхан хоногийн дотор таван хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай энэхүү мэдээллийг УБТЗ-ынхан нууцалсаар байсан юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч албан тушаалтнууд нь өөрсдөөсөө зайлуулж, аргацаасан байдлаар хандаж байв. Тиймээс дээрх мэдээлэл хэр бодитой эсэх талаар УБТЗ-ын Олон нийттэй харилцах 2124109 дугаарын эх сурвалжаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн юм.

 

Сэтгүүлчийн өнцөг

 

УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО УБТЗ-Д БУГШСААР, УЛАМ Л ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛСООР БАЙГААГИЙН ТОД ИЛРЭЛ ЭНЭ БИШ ГЭЖ ҮҮ

 

УБТЗ-ын түүхэнд ийм ойрхон хугацаанд олон хүн амиа алдсан осол гарч байгаагүйг дээр дурьдсан. Ердөө аравхан хоногийн хугацаанд зөвхөн төмөр замынхантай, гал тэрэгтэй холбоотой ослууд ар араасаа гарч, таван хүн алтан амиа алдчихаад байхад УБТЗ-ын удирдлагууд ямар нэг арга хэмжээ аваагүй гэдгийг сонсохоос ч зүрх шимширмээр. Угтаа бол гарсан осол хэргийг нууцлахын оронд төмөр замын албан хаагчид хариуцлагаа өндөржүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэх нь чухал байсан байлтай. Үнэндээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын суудлын наймаа сонгуулийн дараагаас өндрөө авч эхэлсэн. Учир нь манай томчууд аливаа томоохон албан тушаалд улс төрийн томилгоо хийж, өөрийн хүнээ хавчуулдаг “мода”-тай болохоороо ямар нэгэн шалтгаан гаргаж, шалтаг тоочиж байгаад л хуучин дарга нарыг “өөрийнх нь хүсэлт”-ээр өргөдлийг нь өгүүлчихдэг гэмтэй.

 

Тиймээс ч Засгийн газар солигдсон гэх шалтгаанаар УБТЗ-ын даргын суудал ганхаж, төрийн томчууд “Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл”-ийн 25 дугаар их хуралд оролцохоор ирсэн ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровд УБТЗ-ын даргыг өөрчлөх хүсэлтээ тавьсан гэдэг.

 

Угтаа бол олон улсын хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын даргыг гурван жилийн хугацаатай томилох ёстой боловч манай улс сүүлийн таван жил дээрх дүрмийг мөрдөөгүйгээр барахгүй томилогдсон дарга нар нь гурван жилийнхээ хугацаанд бүтэн ажиллаж байсан түүх үгүй. Тиймээс төмөр замын даргыг улс төрийн зорилгоор өөрчилдөг асуудалд угаасаа таатай хандаад байдаггүй оросууд “өөрчлөх шаардлагагүй” гэсэн хариу барьсан ч салбар яамнаас нь бүхэл бүтэн ажлын хэсэг томилогдож, УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг чөлөөлж, өөрийн хүмүүсийг томилсон байсан.

 

Сураг сонсох нь ээ, “УБТЗ-ын даргыг солих үүрэг” бүхий шинэ Ерөнхий хорооны гишүүд сайдын даалгавраар УБТЗ-ын даргад Д.Загджавыг санал болгосон байгаа юм. Харин Оросын талаас түүнийг мэргэжлийн бус хүн гэдэг утгаар нь “Хүлээж авах боломжгүй” гэдэг хариуг өгөхөд нь тэр дор нь өөр хүний нэр дэвшүүлье гээд, УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбартаа туршлагатай гэдэг үүднээс Д.Жигжиднямааг нэр дэвшүүлсэн нь батлагдсан удаатай. Үнэндээ Д.Жигжиднямаа УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, салбараа сайн мэддэг, ажлын туршлагатай гэдэг.

 

Гэвч салбараа сайн мэддэг дарга таван хүний алтан амь эрсдчихээд аймшигт ослууд ар араасаа гараад байхад хаана, юу хийж явсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Төмөр замын байгууллага бол маш хариуцлагатай, хагас цэрэгжилтийн байдалтай, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл ажил дээр нь асуудал гараад, хүний амьтай холбогдож байхад УБТЗ-ын ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад амралттай явсан гэлцэнэ.

 

Амарч, зугаалах нь хүний эрх гэх боловч ийм хариуцлагатай алба хашиж буй хүн адаглаад алсаас ч гэсэн арга хэмжээ аваад, хариуцах эзэнтэй болгох ёстой баймаарсан. Түүгээр ч барахгүй саяхан л гэхэд Казакстаны Төмөр замын ерөнхийлөгч Канат Алписбаяев Монголд хүрэлцэн ирж, УБТЗ-ын Татах хэсэгт зочилж, УБТЗ-ын хүндэтгэлийн музейг үзэж сонирхон дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ үлдээж байхад нь эрхэм дарга Д.Жигжиднямаа нь гараа халаасандаа хийчихээд, хүндэт зочноо үл хүндэтгэсэн байдалтай зогсож байсан гэдэг. Эх оронд нь айлчилж ирсэн хүндтэй зочинд ингэж хандаж байгаа ийм л хэнэггүй хүн энэ салбарыг авч явна гэдэг эргэлзээтэй санагдаж байна. Ерөөсөө улс төрийн томилгоо УБТЗ-д бугшсаар, улам л хариуцлагагүй болсоор байгаагийн тод илрэл энэ биш гэж үү.

 

Эх сурвалж:mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Төмөр замчин:
Пүрэвбаатар Сүрэнхорлоо 2 одоо болимоор юм дөө. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж үнэн юм. Энэ 2 одоо үеээ өнгөрөөчөөд дуугүй зайлчих хэрэгтэй шүү дээ
2017-02-02
Зочин:
Хүнийг ажлыг нь зүгээр хийлгэмээр юмаа. Илэрхий захиалгатай муу хэлэх аргаа олж ядсан юм энэ тэр хэвлэлүүдээр ойрдоо гараад л байх болж. Уншигчид тэнэг биш шүү дээ, ямар санаатай юм гаргаад байна гэдгийг дор нь л мэднэ.
2017-02-01
Зочин:
Өмнөх дарга хийж байсан Пүрэвбаатар гэгч бүтцийн өөрчлөлт нэрээр хөл толгойг нь алдагдуулсан.Вокзал нь лотроо 3 даргатай аль нь алиных нь ажилтан нь мэдэгддэггүй.Хяналт шаардлага алдагдсаны үр дүн одоо гарч байгаа юм. Нумарч нумарч байгаад одоо алдагдаж байгаа юм.Энэ пүрэвбаатар гэгч бол 1,5 тэрбумаар УБТЗ-аар байр авахуулчихаад тэрийгээ хувьчилж авах гээд хөөцөлдөөд бүтэхгүй байгаа.Энэ мэдээллийг бичүүлээд байгаа Сүрэнхорлоо гэгч Хандгайтын хүүхдийн зуслангийн газраас авах гээд СБД-ын кадастраар явж байгаад бас тэр нь бүтэлгүй болсон учир хорссондоо иймэрхүү юм бичүүлээд хөөцөлдөөд байгаа юм.Одоо болиоч ээ.Тахимаа өгч сур л даа.Ямар сонин эдийн шуналтай шуналтай гэхэд арай дэндүү хүмүүс вэ та нар чинь.Пүрэвбаатар байхдаа мэргэжлийн оросд сургууль төгссөн залуучуудыг ажлаас нь халаад оронд нь мэргэжлийн бус улс төрийн шахааны хүмүүсээр УБТЗ-ыг дүүргэсэн.Одоо тэр баасан баасыг нь цэвэрлэх хэцүү байгаа.
2017-02-01
Зочин:
Тэр томилгоонд гар бие оролцож хор найруулж гүйсэн нөхөр буруутай тээврийн салбар улс төрөөс ангид байх ёстой
2017-01-31
Зочин:
Өөрөө хүсэлтээрэй зайлах хэрэгтэй шүү дээ шат шатандаа ухамсараараа явцгаа
2017-01-31
zochin:
haramsaltai
2017-01-31
tuya:
tsuc ni oirtcon gazar daa RAASH DARGA BAIHAD CAIHAN BAICAN SHYY
2017-01-31
zochin:
Pvrewbaatariig bodbol ajil hiij bga hvn Pvrewbaatar yu ch hiigeegvi
2017-01-31
Зочин:
ene hotsrogdson gazaryg yamaar ch yum be dee?
2017-01-31